Монголбанк
Буцах

ХЭВЛЭЛИЙН ХУРAЛ: Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалт

Монголбанкнаас Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалтыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулав. Тус хуралд хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлчид оролцлоо.

Хурлыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ: Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. 2014 оны Мөнгөний бодлогын зөвлөлийн анхны хурлыг бид өнөөдөр хийж дууслаа. Мөнгөний бодлогын зөвлөл байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ удаагийн хуралд шинээр хараат бус 2 гишүүн нэмэгдсэнээрээ онцлог байв. Монголын банкны холбооний ерөнхийлөгч М.Болд болон Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг нар цаашид Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр хамтарч ажиллах болно. Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүдийн оролцоо, санал дүгнэлтэд үндэслэн Монголын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөнгөний бодлогын зөвлөл 2014 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд хуралдаж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлын зорилтыг хангах хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа:

  • Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээх,
  • Олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх


Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн гадаад орчин сайнгүй, төлбөрийн тэнцлийн дарамт өндөр байсан боловч, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ (ТЗБҮ)-ний үнийн өсөлтийг эс тооцвол инфляци зорилтот түвшний орчимд байна.

Эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих Монголбанк, Засгийн газрын хамтарсан дунд хугацааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхдээ уг хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэж үзэв.

Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширсаар байгаа нь эдийн засгийн дархлааг сулруулж, макро бодлогын үндсэн сорилт болж байна. Түүнчлэн, 2013 оноос шинээр бий болсон улсын төсөвтэй адилтгах зардал, түүний тодорхой бус байдал нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнг сулруулж байна. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг 2 долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна. Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг цаашид тогтмол хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргаж дараагийн хурлыг 4, 8, 11 дүгээр саруудад хийхээр товлоод байна.



Хэвлэлийн хурлын үеэр тавигдсан асуулт, хариулт:

Сэтгүүлч: Олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг ЗБН-өөс чөлөөлөх нь арилжааны банкинд эрсдэл учруулах уу?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Энэ шийдвэр бол Монгол улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, банк гаднаас эх үүсвэр татаж дотооддоо нийлүүлэхийг урамшуулах үндсэн зорилготой. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад хүүгийн түвшинг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна. Иймээс бид үүнтэй уялдуулж хариу арга хэмжээ авч байна гэж ойлгож болно. Урт хугацаанд арилжааны банкуудад эрсдэл учрах хандлага ажиглагдахгүй байна.

Сэтгүүлч: Бодлогын хүүг бууруулах боломж байсан уу? Үүний үр дүнд зээлийн хүү буурах боломж бий болно.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: 2013 онд эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монголбанкнаас амжилттай авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засаг өсөлттэй байна. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дунд хугацааны хөтөлбөр. Тиймээс үр дүн нь ойрын хэдэн жилдээ гарна. Валютын орох урсгал, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон манай улсын экспортын орлого нэмэгдвэл ханшаар дамжуулан инфляцид маш хүчтэй нөлөөлдөг. Ийм эерэг орчин бүрдсэн тохиолдолд бид бодлогын хүүг бууруулах бололцоотой. Эдийн засгийн нөхцөл байдал илүү тогтвортой үед бид зээлийн хүүг бууруулах арга хэмжээг цаг тухайд нь авна.

Сэтгүүлч: Энэ удаагийн шийдвэр валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ гэж ойлгож болох уу? Хэрэв тийм бол валютын ханшинд яаж нөлөөлөх вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Бид долларын ханшинд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна. Учир нь 3 болон түүнээс дээш жилийн аливаа зээл ихэнхдээ үйлдвэрлэл, экпортыг дэмжсэн байдаг. Энэ нь үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн дархлааг сайжруулна. Тийм учраас урамшуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн.

Сэтгүүлч: Өнгөрсөн жил бодлогын хүүг 2 удаа бууруулж байсан. Өнөөдрийн хувьд өнгөрсөн жилийн бодлогын үр дүн хэр нөлөөтэй байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Монголбанк 2013 онд бодлогын хүүгээ бууруулсан шийдвэр Монгол улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж 11,7 хувиар өсөхөд нөлөөлсөн. Энэ нөлөөлөл 3-4 улирал дараалан нөлөөгөө үзүүлдэг. Монгол улсын эдийн засаг улирлын чанартай. Тиймээс 1, 2-р улирлын нөлөөлөл тухайн жилийн зураглалд хүчтэй нөлөө үзүүлнэ. Мөнгөний бодлогын шийдвэрийг 2-р сард гаргаж байгаа нь ч үүнтэй холбоотой. Бизнес эрхлэгчид болон санхүүгийн зах зээлд оролцогчдод 2014 оны эдийн засгийн талаар Монголбанк байр сууриа илэрхийлж байна гэж ойлгож болно. Хэрэв бид бодлогын хүүгээ нэмсэн бол аж ахуй нэгжийн хувьд бизнесээ хумих чиглэл баримтлах байсан. Тиймээс бид бодлогын хүүг хэвээр нь хадгалах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Сэтгүүлч: Бодлогын хүүг бууруулахаас татгалзахад нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байсан бэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Мөнгөний бодлогын саналыг бид хурлын үеэр ярилцах үед бодлогын хүүг бууруулах нөхцөл байдал өнөөдрийн байдлаар бүрдээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс энэ асуудлыг тухайлан хөндөөгүй. Бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг Мөнгөний бодлогын мэдэгдэлдээ тусгасан. Томоохон хөрөнгө оруулалтууд он дамжин гацаанд орж, тодорхойгүй байдал үүсээд удаж байгаагаас шалтгаалан шинээр хийгдэх хөрөнгө оруулалтууд ч мөн зогссон. Түүнчлэн 2013 онд төсвийн бус, төсөвтэй адилтгах зардлууд бий болж эхэлсэн зэргээс цаашдын төсөөлөл өөрчлөгдөж байна. Гэхдээ 12,5 хувийн инфляцид төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ буюу хоёр том үнийн өсөлт явагдлаа. Боловсролын салбар болон эрчим хүчний салбарт гарсан үнийн өөрчлөлтүүд бидний тооцоолж байгаагүй зүйлс байсан. Эдгээр нь нийт инфляцид 20 орчим хувийг эзэлж байгаа. Үүнээс үзэхэд мөнгөний бодлогын үр нөлөөлөл нь анх тооцоолж байсан үр дүнгээс тийм ч их гажаагүй гэж ойлгож болно.

Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болд: Энэ удаагийн мөнгөний бодлогын зөвлөлийн онцлог бол Монголын банк санхүүгийн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болсон хоёр гишүүн шинээр нэмэгдэж төрийн мөнгөний бодлогын шийдвэр гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан явдал байлаа. Төр хувийн хэвшлийн түншлэл мөнгөний бодлогыг тодорхойлоход хамтарч ажиллан, дараагийн шатанд хүрлээ гэдгийг тэмдэглэмээр байна. Бодлогын хүүг 10,5 хувьд нь хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь Мөнгөний бодлого тогтвортой байна гэсэн дохиог нийт хувийн хэвшил, зах зээлд өгч байгаагаараа онцлог. Бодлогын хүүг бууруулаад удаагүй байгаа, нам дор байх энэ хүүгийн хэмжээ цаашид үргэлжлүүлнэ гэсэн дохио нь манай хувийн хэвшил, үйлдвэрлэл үйлчилгээг санхүүжүүлэхэд маш эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Үүний зэрэгцээ цаашид зээлийн ашиглалтын үр ашгийг хувийн хэвшил аль болох дээд түвшинд нь барьж, дотоодын үйлдвэрлэл экспортыг дэмжсэн, импортыг орлосон үйлдвэрлэл, үйлчилгээнд чиглэх нь чухал байна. Ингэж Монгол төгрөг дээр ирж буй дарамтыг аль болох багасгаж, инфляцийг нам дор түвшинд барих юм. Нөгөөтэйгүүр Монгол улсын хөгжлийг тодорхойлж байгаа дэд бүтэц, уул уурхайн томоохон төслүүдийг яаралтай гүйцэтгэх шатанд нь оруулах нь маш чухал юм гэдгийг онцолж хэлмээр байна.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.