Монголбанк

Буцах

4. Төв банкны бодлогын хэрэгслүүд


Төв банк хэрэгслүүдээрээ дамжуулан инфляцид нөлөөлөх чадвартай байх ёстой бөгөөд мөнгөний бодлого ба инфляцийн хоорондох хамаарлын тухай нарийвчилсан ойлголттой болсон байх ёстой. Хөгжингүй орнуудын мөнгөний шилжих механизм хөгжиж буй орныхтой харьцуулахад өөр байдаг. Инфляцийг онилох бодлогыг анх нэвтрүүлсэн хөгжингүй орнуудын мөнгөний шилжих механизм нь нарийвчлан тодорхойлогдсон, санхүүгийн захууд нь сайтар хөгжсөн, ханшны бодлого нь уян хатан байсан байна. 1990-ээд оны сүүлчээс инфляцийг онилох бодлогыг ихэд сонирхох болсон хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн хурдацтай өөрчлөлт нь дуусаагүй, мөнгөний шилжих механизм нь гүйцэд бүрдээгүй, санхүүгийн захуудын хөгжил харьцангуй дорой, валютын ханшийн тогтвортой байдалд тавих анхаарал хавьгүй илүү байв. Инфляцийг онилох бодлогын гол хэрэгсэл нь хүүний түвшин бөгөөд Төв банк бодлогын хүүгээ өөрчлөх замаар захын болон арилжааны банкуудын хүүнд, улмаар нийт эрэлт болон инфляцид нөлөөлдөг билээ. Гэвч буурай хөгжилтэй оронд хүүний суваг сул байх тул бусад хүү болон инфляцид үзүүлэх бодлогын хүүний нөлөөлөл бага ажээ. Бодлогын хүүг үндсэн хэрэгсэл болгохыг зорьж буй ихэнхи улс орнуудад (ялангуяа долларжилт ихтэй) ханшийн суваг хүчтэй хэвээр байгаа нь шилжилтийг хүндрэл бэрхшээлтэй болгож байгаа ажээ.

Төв банкны ханшийн бодлого нь инфляцийн зорилгод захирагдсан байх ёстой. Ханшинд нөлөөлөхөд чиглэгдсэн интервенц болон бодлогын хүүний өөрчлөлт нь зөвхөн түр хугацааны шокын нөлөөллийг зөөлрүүлэхэд чиглэгдэж байх ёстой. Монголбанк банк хоорондын захын хүүг үйл ажиллагааны зорилт болгосон ч хөгжингүй Төв банк шиг инфляцийг дан ганц хүүний сувгаар дамжуулан барих оролдлого хийвэл бүтэлгүйтэх нь ойлгомжтой. Хүүний суваг сул байгаа тул Монголбанк валютын ханшийг цаашид ч анхааралдаа байлгах нь зүйтэй. Гэвч ханш гэх мэт параметруудыг бодлого боловсруулахад зайлшгүй харгалзан үзэх шаардлага хэвээр байх аваас инфляцийг онилох мөнгөний бодлогод чухамхүү юуг ойлгож байгаагаа Монголбанк нэг мөр цэгцлэн шийдвэрлэх шаардлагатай.

Монгол улсын мөнгөний шилжих механизмыг улам нарийвчлан судлах шаардлагатай байна. Монголбанкнаас зохих судалгааг урьдчилсан байдлаар гүйцэтгэн хүүний сувгийг шалгаж үзэхэд дорвитой үр дүн ажиглагдаагүй бөгөөд хүүний сувгийн нөлөөлөл хүчтэй байх нь инфляцийг онилох бодлогод шилжих үндсэн шалгуур болох учиртай. Үүнээс гадна валютын ханшийн судалгааг өргөжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Монголбанкнаас хийгдсэн зарим судалгаагаар ханшийн суваг хүчтэй нөлөөтэй байгааг тогтоожээ. Төв банк инфляцийг загварчлах, таамаглах чадавхийг хөгжүүлсэн байх шаардлагатай. Инфляцийг онилох бодлогод шилжих үедээ ихэнх төв банкууд инфляцийн загварыг хөгжүүлээгүй байсан нь тоон мэдээллийн боломж, чанартай холбоотой байв.

Инфляцийг онилох мөнгөний бодлогод шилжихийн тулд Засгийн газар, Улсын Их Хурлын бүрэн дэмжлэгийг хүлээсэн байх шаардлагатай. Төсвийн бодлого болон улсын дотоод өрийн удирдлага инфляцийн зорилгыг хангах түвшинд уялдсан байх шаардлагатай. Засгийн Газар, Сангийн яамны шийдвэрүүд нь инфляцид шууд нөлөөлөх тул Монголбанк болон Засгийн газрын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа захиргааны үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнэ, төсвийн албан хаагчдын цалин хөлс, санхүүгийн салбарын хөгжил зэрэг асуудлаар байнга санал солилцож байх шаадлагатай. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглал нь Төв банкаа дэмжиж үйл ажиллагаагаа инфляцийн зорилготой нийцүүлэх нь онцгой ач холбогдолтой. Сангийн яамнаас дэмжлэг авалгүйгээр инфляцийн зорилгод хүрэх боломж үнэндээ хомс байдгийг олон орны туршлага бэлээхэн харуулж байна. Тухайлбал, Индонезид Төв банктайгаа зөвшилцөлгүй түлш шатахууны үнийг огцом нэмснээр инфляци зорилтот түвшнээсээ хол давсан бол Унгар улсын 2006 оны хэрээс хэтэрсэн төсвийн алдагдал төлөвлөгдөөгүй өндөр инфляцийг дагуулж байжээ. Инфляцийг онилох мөнгөний бодлогод Засгийн газар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг нь уг бодлогыг зарим улсад Засгийн газар нь дангаараа буюу Төв банктай хамтран хэрэгжүүлдгээс харж болно.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.