Монголбанк

Буцах

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Огноо: 2018/01/19

УИХ-ын чуулганы 2018.01.18-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. Уг хуулинд орсон өөрчлөлтүүдээс онцолбол: Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн, ТУЗ-ийн хараат бус гишүүн болон Гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг нэмэгдүүлэв. Түүнчлэн банк нь өөрийн тогтворжуулах төлөвлөгөөтэй байх бөгөөд тус төлөвлөгөөнд банк өөрийн онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас хамаарч үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, болзошгүй эрсдэлийн үед банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгаж, Монголбанкинд ирүүлнэ. Ингэснээр банк эрсдэлд орвол татвар төлөгдчийн мөнгөөр бус банкийг дотроос нь аврах бломжийг бүрдүүлж байгаа нь хуулийн өөрчлөлтийн нэг онцлог болж байна.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монголбанк нь банкинд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байх бөгөөд эрсдэл үүссэн, Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан зэрэг хүндрэл үүсгэх зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд банкинд сануулга өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, удирдлагыг түдгэлзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй байхаар тусгав.

Ингэснээр төв банкны хяналт, шалгалтын хүч нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэв. Шинээр батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.