Монголбанк

Буцах

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган”-ыг нээж хэлсэн үг

Огноо: 2018/01/25

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Төсвийн байнгын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга болон Монголын санхүүгийн зах зээлийн гол зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөлөл, эрхэм зочид төлөөлөгч Та бүхэндээ Монголбанкны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье!

Шинэ оны эхэнд бид ажил хэрэгчээр ийнхүү уулзаж байгаа нь улс орныхоо эдийн засаг, санхүүгийн секторт шийдвэрлэх асуудлуудаа ярилцах, нэгдсэн гарц гаргалгаанд хүрэх үнэтэй боломжийг бүрдүүлнэ гэж найдаж байна.  

Өнгөрсөн 2017 он бол Та бидний хувьд эдийн засгаа тогтворжуулж чадсан маш чухал жил байлаа. Амаргүй ч жил байсан. Дефолт, ханшийн огцом савлагаа, санхүүгийн системийн хямрал, эдийн засгийн уналт.., магадгүй үүнийг даган нийгмийн тогтворгүй байдалд ч хүрч болох аюултай нүүр тулахад ойрхон байв. Дахиж ийм сорилт, ийм хүнд үетэй Монгол орон бүү тулгараасай!

Та бид хамтын зүтгэлээр саад бэрхшээлийг давж гарч чадсан. Өнөөдөр төлбөрийн тэнцэл, валютын нөөц, богино хугацааны өрийн дарамт, зээлжих зэрэглэл, өсөлт гээд эдийн засгийн олон үзүүлэлт дээр эерэг хандлагууд ажиглагдаж, зах зээл дээрх итгэл сэргэж эхлээд байгааг бид бүхэн харж байна. Энэ бол Та бидний хөдөлмөрийн, зүтгэлийн үр дүн юм.

Эдийн засагт тулгарсан аюул, эрсдэлүүд биднээс түр холдсон ч цаашид хийх ажил нөр их байна. 2018 он бидний хувьд бий болсон эерэг өөрчлөлтөө бататгаж, ирээдүйн тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх маш чухал жил юм. Макро түвшний таатай өөрчлөлтүүдийн үр өгөөж нийгмийн өргөн хүрээнд мэдрэгдэхийн тулд энэ жил юу хийж хэрэгжүүлэх вэ гэдэг шийдвэрлэх нөлөөтэй байх болно.   

Өнөөдөр Та бүхэнтэй уулзсан энэхүү завшааныг ашиглан дараах 3 зүйлийн талаар өөрийн санаа бодлоо хуваалцъя.

1.     2018 он бол шинэчлэл, реформын жил

Хүндрэлийг даван туулах, цаашдын тогтвортой хөгжилд реформ чухал

Хямрал хүндрэлээс аливаа улс орон сургамж авч, алдаа дутагдлаа засаж залруулах ёстой. Манай улсын хувьд 2009 онд тулгарсан хямралын үед хийсэн шинэчлэл өөрчлөлтүүдээ тууштай хэрэгжүүлэх, бүрэн ажил хэрэг болгох зүтгэл дутсанаас өнөөгийн хүндрэл үүссэн юм. Бидний даван туулахыг зорьж буй эдийн засгийн энэ  хүндрэл бол цар хүрээний хувьд, үргэлжилсэн хугацааны хувьд 90-ээд оны хүнд хэцүү жилүүдээс хойш тулгарсан хамгийн том сорилт болж байна. Угийн эмзэг бүтэцтэй эдийн засагт алсын хараагүй, тогтворгүй бодлого явуулсны хор уршиг л ингэж хүндээр мэдрэгдсэн гэж дүгнэж болно. Тухайлбал:

·        Төсвийн сахилга бат алдагдаж, 2013 оноос хойш улсын сан хөмрөг өндөр алдагдалтай явж ирэв. ДНБ-ийн 2%-аас хэтрэх ёсгүй төсвийн алдагдал 2 оронтой тоогоор хэмжигдэх болсон;

·        Өрийн оновчтой удирдлага, хяналттай зарцуулалт байгаагүйгээс болж улсын сектор эдийн засгийн хэмжээтэйгээ тэнцэхүйц өртэй болов. Гаднаас татсан санхүүжилтүүдийн ашиг тус нь төдийлөн мэдрэгдээгүй хэрнээ их наяд төгрөгөөр хэмжигдэх хүүний зардал төлж байгаа нь татвар төлөгчид томоохон дарамт болж байна;

·        Төв банк хараат бус байдлаа алдаж, зах зээлийн бус хэлцлүүд ихээр хийсэн нь ёс зүйн гажуудал (moral-hazard), нөөцийн үр ашиггүй хуваарилалт, хөрөнгийн үнийн хөөсрөл, гадаад валютын нөөцийн хомсдол, төв банкны алдагдал, төгрөгийн ханшийн огцом савлагааны гол шалтгаан болов;

·         Нийтийн эрх ашигт нийцэхгүй хувийн инсентив, улс төржилт, популизмаас болж мега төслүүдээ гацааж, хөрөнгө оруулагчдаа үргээсэн нь цаг хугацаа алдаж, улс орны нэр хүндийг унаган, асар их хэмжээний алдагдсан боломжийн өртгийг үүсгэв; 

·        Эдгээр бодлогын алдаа нь гадаад секторын сөрөг шоктой нийлээд төлбөрийн тэнцлийн архаг хүндрэл болсон. Улмаар төлбөрийн тэнцлийн, банкны секторын, үндэсний мөнгөн тэмдэгтийн гурвалсан хямралд орох эрсдэлд хүргэв.

Энд өнгөрснийг шүүмжилж, одоо цагаа үрэх нь бидний зорилго биш ээ. Харин бидний хийх ёстой зүйл бол хүндрэлийн шалтгаан болсон эдгээр алдаа дутагдлууд дээр шаардлагатай бүх өөрчлөлт тохиргоо, засваруудыг хийж, цаашид өөрчлөлт шинэчлэлээ тууштай хэрэгжүүлэх явдал билээ.

Реформ хийх цаг хугацаа нь яагаад заавал 2018 он бэ?

Хэдийгээр одоо бид ангал руу унах аюулаас аврагдсан ч, хавцлын ирмэг дээрээс тийм ч холдоогүй байна. 2017 он бол олон улс орны хувьд дэлхийн эдийн засгийн хямралаас хойшхи 10 жилд тохиосон хамгийн таатай жил болсон. Сэргэлт 2018 онд ч үргэлжилж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төсөөлөлтэй байна. Нэг талаар бидэнд ийнхүү аз тохиосон ч, хөдөлмөр зүтгэлийг аз ивээдэг юм. Гэхдээ гадаад орчны энэхүү эерэг нөлөөг бид үүрд үргэлжилнэ гэж бодож болохгүй. Учир нь:

·        Томоохон эдийн засгуудын мөнгөний бодлогын төлөв чангарахтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд олон улс орнуудад бий болсон өрийн ачаалал, дарамт нэмэгдэх төлөвтэй байна;

·        Дэлхийн эдийн засгийн хямралын дараах мөнгөний хүчтэй тэлэх бодлогын үр дүнд улс орнуудын хөрөнгийн зах зээл дээр бий болсон хувьцааны үнийн өсөлт эргэж засварлагдан, савлагаа үүсгэх эрсдэл байна;

·        Зөвхөн хөгжсөн төдийгүй, зарим гол хөгжиж буй орнуудад хурдтай явагдаж буй хүн амын насжилт, бүтээмжийн бууралт нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд, урт хугацаанд дэмжихээргүй байна;

·        Дээр нь геополитикийн асуудлууд, протекционист эдийн засгийн бодлогууд экспортлогч орнуудад, ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол зүтгүүр болсон Азийн орнуудад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.   

Тэгэхээр, “үүлэн чөлөөний нар гийсэн” яг энэ таатай цаг үеэр бид шаардлагатай өөрчлөлтүүдээ хийх хэрэгтэй. Энэ л боломжийг ашиглан эдийн засгаа эрүүлжүүлэх, хүндрэлийн шалтгаан болсон гажуудлуудыг арилгах, эдийн засгийг илүү дархлаатай болгох шинэчлэл, реформуудаа хийх учиртай.

2.     Бидний хамтын ажиллагаа

2018 онд зээлжих зэрэглэлээ өсгөх, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тогтолцоогоо сайжруулан “саарал жагсаалт”-д орох эрсдэлээс гарах, өрийн дарамтаа бууруулах, валютын нөөцөө үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилгууд, сорилтууд бидний өмнө бий. Түүнчлэн түүхий эдийн үнийн уналтын дараагийн цикл, эдийн засгийн хүндрэлд ч бэлтгэлтэй байх нь чухал. Үүний тулд банк санхүүгийн сектор, татварын бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого гээд олон чиглэлээр томоохон реформууд, тогтолцооны шинж чанартай өөрчлөлтүүдийг ч хийх шаардлага тулгарч байна.

Энэ бүгдийг амжилттай хийж, хэрэгжүүлж, зорьсон үр дүндээ хүрэхийн тулд бидэнд нэгдсэн ойлголцол, хамтын ажиллагаа, бодлогын уялдаа хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байна.

Монголбанкны хувьд, эдийн засагт хувь нэмэр оруулах шинэчлэл өөрчлөлтүүдээ төлөвлөөд, эхнээс нь хийгээд явж байгаа билээ. Тухайлбал:

·        Монголбанк инфляцийг нам тогтвортой байлгах үндсэн зорилгоо амжилттай биелүүлэхээр бодлогын, үйл ажиллагааны цогц өөрчлөлтийн стратеги боловсруулаад хэрэгжүүлээд явж байна. Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөс эхлээд, дотоод бүтэц зохион байгуулалт, засаглалын оновчтой хувилбар, бодлогын шинэ арга хэрэгслүүдийн судалгаа шинжилгээ, хүний нөөц боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэг томоохон өөрчлөлтүүд үүнд хамаарах юм. 

·        Мөн банк санхүүгийн салбарын эрүүл найдвартай байдлыг хангах гол зорилгынхоо хүрээнд санхүүгийн секторыг зохицуулж буй хууль эрх зүйн орчны цогц шинэчлэл, Төв банкны хяналт шалгалтын тогтолцооны өөрчлөлт ч давхар хийгдээд явж байгаа.

Гэхдээ Төв банк хийж чадах зүйл гэж байгаа ч, дангаараа эсхүл огт хийж чадахгүй зүйлс ч бас бий. Эдийн засгийн эрэлтийн талыг зохицуулан, инфляцийн дарамтгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн бодлого явуулах явдал бол Монголбанк эдийн засагтаа оруулах хамгийн том хувь нэмэр юм. Өсөлт иргэдийн амьдралд наалдацтай байхад инфляци тодорхой түвшинд тогтвортой байх нь чухал билээ. Бидний зорьж буй “инфляцийн дарамтгүй эдийн засгийн тогтвортой өсөлт”-ийг   амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний шийдвэр, үйл ажиллагаа ч багагүй нөлөөлнө гэдгийг энд онцлох нь зүйтэй. Тухайлбал:

·        Санхүүгийн салбарт хийгдэх реформын суурь болсон хуулийн шинэчлэлүүд маань УИХ-аас шууд хамаарна;

·        Төв банкны гол зорилго болсон инфляци тогтвортой байхад Засгийн газрын төсвийн бодлогын нөлөөг харгалзан үзэх шаардлагатай байдаг;

·        Үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг валютын ханшийг тодорхойлж буй төлбөрийн тэнцэл өөрөө татварын бодлого, хөрөнгө оруулалт татах бодлого, эдийн засгаа төрөлжүүлэх бодлогоос шууд хамаатай.

Төв банкны мөнгөний бодлогоор зохицуулах аргагүй, эдийн засагт нийлүүлэлтийн талаас нь нөлөөлөх бодлогын өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхэд Та бүхний хүчин зүтгэл туйлын чухал байна. Ялангуяа, төлбөрийн тэнцлийг тодорхойлдог экспортыг дэмжих, импортыг орлох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг олон тулгуурт, өрсөлдөх чадвартай болгох бодлогын бүтцийн реформууд үүнд хамаарах юм.

3.     Бодлого, реформуудаа нийгэмд үнэн зөв ойлгуулах

Аливаа реформ, шинэчлэлийг ажил хэрэг болгох, тууштай үргэлжлүүлэхэд нэгдсэн хүлээлт, ойлголт, байр суурь маш чухал нөлөөтэй. Бид ажил үйлээ нийгэмд үнэн зөвөөр ойлгуулж дэмжлэг авахгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон жишээгээр тод харагдлаа.

Өөрчлөлт шинэчлэлт, эдийн засгийн эмчилгээ өөрөө амаргүй зүйл. Үргэлж амттай сайхан байх ч албагүй бөгөөд, гашуун хэдий ч уух ёстой эм мэт байдаг. Энэ үед мэдээллийн дутмаг, хомс байдал нь нийгэмд буруу ойлголт төрүүлэх, зүй бус няцаалт шүүмжлэлүүд газар авах, улс төрийн болоод бусад зорилготой дайралтууд идэвхжих нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар сайн бодлого хэрэгжихгүй байх, хэрэгжихэд саад учрах өндөр эрсдэлүүдийг бий болгож байна.

Иймд бид хийсэн ажлаа, хийж буй зүйлээ, тэдгээрийн үндэслэл шалтгаан, зорилгоо идэвхтэй түгээх, үнэн зөвөөр тайлбарлаж ойлгуулах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байгаа юм.

“Ямар ч сайн бодлого тайлбарлахгүй бол ойлгогдохгүй, ойлгогдохгүй бол дэмжигдэхгүй”гэдэг үгээр би яриагаа өндөрлөе.

Та бүхэнд баярлалаа! 

2018.01.19 Орхон аймаг, Сэлэнгэ амралт

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.