Монголбанк

Буцах

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫ УИХ-ЫН ЧУУЛГАНД ХЭЛСЭН ҮГ

Огноо: 2018/10/18


УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүдээ,

Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Өнгөрсөн 2 жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэний зэрэгцээ дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын зохистой хослолыг хэрэгжүүлсэний үр дүнд тодорхой бус байдлыг бууруулж, бизнесийн итгэл, идэвхжилийг сэргээж чадлаа. Эдийн засгийн хямралын хамгийн муу үе болох 2016 оны 2, 3 дугаар улирлаас хойш барилгаас бусад эдийн засгийн бүх салбар хоёр жилийн хуримтлагдсан дүнгээрээ өсөлттэй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөөд байна. Энэхүү нааштай үр дүнг бататгахын тулд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бус түүний тогтвортой байдлыг хамгаалах нь хамгийн чухал байна. Үүний тулд 1) улсын секторын өрийн дарамтыг бууруулах, 2) гадаад төлбөрийн чадварыг сайжруулах 3) банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх,  салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай. Эдгээр сорилтыг даван туулахад  макро бодлогуудыг оновчтой хослуулан хэрэгжүүлэх шаардлага хэвээр байгааг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан өргөн бариад байна.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх 2 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулна. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарын түвшинд дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляци 2018-2019 онд зорилтот түвшний орчимд хадгалагдахаар байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт өсч, төсвийн гадаад санхүүжилт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн хэдий ч бараа, үйлчилгээний импорт, тээвэр, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал, гадаад зээлийн хүүний төлбөр өсч, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх оноос нэмэгдлээ. 2018 оны эхний 8 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 398 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс 613 сая ам.доллараар муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд голлон нөлөөллөө. Том гүрнүүдийн хоорондох худалдааны хязгаарлалтын бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад зах зээл дээр хүү өсч байгаа нь хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татарахад нөлөөлж байна. Энэ нь дэлхий нийтийн валютууд болон зарим эрдэс бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулрахад нөлөөллөө. Судалгаанаас харахад 142 орны валютын ханш ам.долларын эсрэг сулраад байгаа нь ханшийн дарамт улс орнуудын нийтлэг хүндрэл болохыг илтгэж байна. Тухайлбал, уул уурхайгаас хамааралтай боловч илүү төрөлжилт өндөртэй эдийн засгууд болох Австрали, Чилийн үндэсний валютын ханш сүүлийн 9 сар гаруй хугацаанд 9% давж сулраад байна. Дэлхийн томоохон эдийн засгууд болох БНХАУ-ын юань 6%, ОХУ-ын рубль 13%, Энэтхэгийн рупигийн ханш 14%, Бразилийн риалын ханш 12%, Индонезийн рупигийн ханш 11%, Туркийн лирийн ханш 38%, Өмнөд Африкийн рандын ханш 16 хувиар тус тус сулараад байна. Ийм орчинд эрсдэл, тодорхой бус байдлыг хуримтлуулж, бугшуулахгүй байх нь дунд урт хугацаанд тогтвортой байдлыг хамгаалахад тус болно. Эдийн засгийн бүх түвшинд эдийн засгийн гадаад орчноос үүдэлтэй эрсдэлээ хянуур тооцож, тэлэлтийн хурдаа зөв зохицуулж, санхүүгийн сайн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах оролдлого хийж байгаа боловч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан үзэж, валютын ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч байна. Турк, Өмнөд Африк, Аргентин зэрэг улсууд хэт уян хатан бус ханшийн бодлого баримтласанаас үүдэлтэй сөрөг үр дагавартай нүүр тулж байна. 2018 он гарснаас хойш улс орнууд эдийн засгийн гадаад тэнцлээ хангахын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхлээд байна. Тухайлбал, ОХУ 2018 оны 2 дугаар сард бодлогын хүүгээ бууруулж байсан бол зөвхөн 7 сарын дараа буюу энэ 9 дүгээр сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн, Малайз энэ онд 0.25 нэгж хувиар, Индонез 1.5 нэгж хувиар, Филиппин 1.5 нэгж хувиар, Энэтхэг 0.5 нэгж хувиар, Турк 16 нэгж хувиар, Аргентин 32 нэгж хувиар бодлогын хүүгээ тус тус нэмэгдүүлээд байна. Эдийн засгийн амьдралын 50 орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд энэ хүндрэлийг тойрох боломжгүй бөгөөд эхний хагас жилд харьцангуй тогтвортой байсан валютын ханш сүүлийн 3 сарын туршид оны эхнээс 5.7 хувиар суларч тогтворжоод байна. Төлбөрийн тэнцлийн дарамтыг тодорхой хэмжээгээр валютын ханшид шингээж явах нь алсдаа том эрсдэл үүсэхээс сэргийлнэ. Үүнийг бид өөрсдийн болон бусдын бодлогын сургамжаас тод харж байгаа тул бусдын болон өөрсдийн алдааг дахин давтахгүй байх нь чухал юм.

Цаашид эдийн засгийн бүтцийг олон тулгууртай болгож, эрдэс баялгийн салбараас бий болсон орлогыг урт хугацаанд эдийн засагт оновчтой, үр ашигтай болгохгүй бол, хуримтлал үүсгэхгүй бол түүхий эдийн үнийг дагасан хэлбэлзлээс зайлсхийх боломжгүй юм. Энэ хүрээнд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртөгийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгалаа. Гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх нь аливаа улс орны төрийн эрх баригчдын гол үүрэг, хийх ажил юм.  

Нэгэнт гадаад зах зээлээс хамаарах хамаарлыг богино хугацаанд шийдэж чадахгүй тул манай эдийн засаг дэлхийн санхүүгийн зах зээлд улам интеграцчилагдахын хэрээр бодлого, боловсруулагч, зохицуулагч байгууллагуудын хувьд  аль болох урт хугацааг харж богино хугацааны огцом өсөлт, тэлэлтээс илүүтэйгээр тогтвортой байдлыг зорьсон бодлого чухал болж байна. Иймд Монголбанк бизнесийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой макро эдийн засаг, санхүүгийн зуучлалын тогтвортой орчинг бүрдүүлэх зорилтыг мөнгөний болон макро зохистой бодлогын хэрэгслүүдээр дамжуулан тууштай хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх шаардлагатай. Иймээс ирэх онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг  нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож, санхүүгийн зах зээлд нэвтрүүлнэ. 

Банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг санхүүгийн институцын хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа.

УИХ-ын эрхэм гишүүдээ,

Эдийн засгийн өнөөгийн болон ойрын ирээдүйн төлөв сайжирч байгаа хэдий ч Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дууссаны дараах 3-н жилд хүлээгдэж буй нилээдгүй хэмжээний гадаад өрийн эргэн төлөлтийн бэлтгэлийг одооноос хангах учиртай. Зөвхөн Засгийн газрын томоохон төлбөрүүдийг авч үзвэл 2016 оны Кредит свисс банкны 250 сая ам.долларын синдикат зээл болон 500 сая ам.долларын Мазаалай бонд 2021 онд хугацаа нь дуусна. 2012 оны 1 тэрбум ам.долларын Чингис бонд 2022 онд, Чингис болон Димсам бондуудыг дахин санхүүжүүлсэн 800 сая ам.долларын Гэрэгэ бонд болон МУХБ-ны 30 тэрбум иений Самурай бонд 2023 онд, Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлсэн 600 сая ам.долларын Хуралдай бондын төлбөр 2024 онд тус тус эргэн төлөгдөнө. Хэдийгээр эдгээр төлбөрүүдийг дахин санхүүжүүлж болох ч бид эдийн засгаа амжилттай удирдаж, санхүүгийн нөөцөө бүрдүүлэхийн хирээр дахин санхүүжилтийн өртөг болоод дарамт төдий хэмжээгээр бага, харин муу байхын хирээр өртөг, дарамт өндөр байх болно. Эцэстээ эдийн засгийн сайн бодлогын үр нөлөөгөөр татвар төлөгчид болох бизнес эрхлэгчид болон иргэдийн нуруун дээр ирэх ачаа хөнгөрч, бизнес тогтвортой тэлж, амьжиргааны түвшин сайжирах болно.

Иймээс  дунд, урт хугацаанд гадаад өрийн дарамтыг бууруулахын тулд төсвийн сахилга батыг хангахын зэрэгцээ гадаад секторын тэнцвэртэй байдлыг бий болгох, тэр дундаа гадаад худалдааны тэнцлийг ашигтай гаргахад чиглэсэн макро, эдийн засгийн бодлогын арга хэмжээг цогцоор нь тодорхойлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Дээрхи төлбөрөөс гадна ойрын жилүүдэд дотоодын арилжааны банкуудтай байгуулсан своп хэлцлээр авч ашигласан нийт 1,4 тэрбум ам.долларыг буцаах төлбөр тооцоо хийх хэрэгтэй болно. Эдгээр нь нийт монголчууд бидэнд амаргүй сорилтын он жилүүд ирж буйг дахин дахин сануулж байна.

Цаашид макро эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн тулд үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэх бөгөөд УИХ-ын эрхэм гишүүд та бүхний дэмжлэг ихээхэн хэрэгтэй байна.

УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж өгнө үү.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

 

МОНГОЛБАНК

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.