Монголбанк

Буцах

​Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал

Огноо: 2018/12/17

Монгол улсын банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 5 дугаар сард Монголбанкны Мөнгөний бодлогын хороог байгуулсан юм.

Төв банкны бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангах, бодлогын шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд тайлбарлах зорилгоор Мөнгөний бодлогын хорооноос 2018 онд гаргасан бодлогын шийдвэрүүд, тэдгээрийн үндэслэл, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг нэгтгэн энэхүү нээлттэй захидлыг уншигч Танд хүргэж байна.

Мөнгөний бодлогын хороо 2018 онд Монголбанкны үндсэн зорилт болох үнийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжиж, тогтворжуулах зорилгын хүрээнд бодлогын хүүг өөрчлөх шийдвэрүүдийг гаргасны зэрэгцээ 2018 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төв банкны тухай шинэчилсэн хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд банкны секторт хуримтлагдаж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор макро зохистой бодлогын шинэ хэрэгслийг нэвтрүүлж, холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлснээрээ онцлогтой.

Энэ оны эхний улиралд гадаад худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, экспортын голлох бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс гадна 2016 оны сүүлийн хагасаас хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны бодлого үр дүнгээ өгч эдийн засаг сэргэж эхэлсэн юм. Гэвч банкны системээс аж ахуйн нэгжид олгох зээлийн өсөлт төдийлөн сэргэхгүй байсан тул уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжиж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан юм. Бодлогын хүүний 10 хувийн түвшин нь сүүлийн 8 жилийн хамгийн бага түвшин байлаа.

2018 оны эхний хагаст экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт 6 хувиас өндөр түвшинд хадгалагдан ажилгүйдэл буурсан, 2018 оны 1 дүгээр сард Мүүдиз агентлаг сүүлийн 5 жилд анх удаа Монгол улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлсэн, гадаад өрийн эргэн төлөлтүүдийг дахин санхүүжүүлсэн, шат дараатайгаар бууруулсан бодлогын хүүг даган бизнесийн зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, зээлийн хүү буурсан зэрэг нь эдийн засгийг сэргээхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч байгааг харуулж байлаа. Эдийн засгийн сэргэлт, дотоод эрэлтийн өсөлт, түүний ирээдүйн хандлага, инфляцийн төлөв байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо 6 болон 9 дүгээр сард бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь бизнесийн зээлийн сэргэлт, ажил эрхлэлтийн өсөлтийг хэвийн үргэлжлүүлж, бодлогын арга хэмжээний үр дүнг баталгаажуулах зорилготой байв.

Хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимжиж, зээлийн төлбөр, өрийн үлдэгдэл өссөн нь эдийн засгийн сэргэлт, дотоод эрэлтэд дэмжлэг үзүүлсэн хэдий ч иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байв. Түүнчлэн хэрэглээний зээлийн өсөлт нь хэрэглээний импортыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл, валютын ханшид дарамт учруулан, банкны системд эрсдэл хуримтлагдаж болзошгүй байв. Ийм нөхцөлд бодлогын хүүг нэмэгдүүлж нийт зээлийн өсөлтийг хязгаарлахгүйгээр хэрэглээний зээлд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслийг нэвтрүүлэх нь бодлогын оновчтой сонголт гэж үзэн Мөнгөний бодлогын хорооноос цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувь, хугацааны хязгаарыг 30 сар байхаар тогтоолоо.

Гадаад  валютын орлогогүй иргэд, ААН-үүд гадаад валютын зээл ихээр авсан тохиолдолд төгрөгийн ханш сулрахад зээлийн чанар муудах, улмаар банкны систем болон макро эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд Мөнгөний бодлогын хорооны 9 дүгээр сарын хуралдаанаар ханшийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувь болгон нэмэгдүүллээ. Зээлийн долларжилтыг бууруулахын тулд банкны пассивын долларжилтыг бууруулах шаардлагатай. Гадаад хөрөнгийн урсгал, валютын ханшийн хэлбэлзлээс хамааран банкуудын пассивын долларжилт нэмэгдэж, эргээд дотоод зах зээлд ханшийн хэлбэлзлийг эрчимжүүлэн, мөнгөний бодлогын нөлөөг сааруулдаг. Иймд банкуудын эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, валютын ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах зорилгоор заавал байлгах нөөцийн шаардлагыг гадаад валютын эх үүсвэрт өндрөөр буюу 12 хувиар, төгрөгийн эх үүсвэрт 10.5 хувиар тогтоосон юм.

Эдийн засгийн өсөлт эрчимжиж байсан хэдий ч 2018 сүүлийн хагасаас гадаад орчны эрсдэл нэмэгдсэн юм. АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны зөрчилдөөн гүнзгийрч, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгийн орох урсгал саарах, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах нийтлэг хандлагыг бий болгож байна. Төлбөрийн тэнцлийн дарамт ихэссэн ийм нөхцөлд нүүрсний экспортод тавьсан хил дээрх хязгаарлалт болон дотоодын улс төрийн нөхцөл байдал зах зээлд оролцогчдын итгэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамтыг нэмэгдүүлээд байв. Монголбанк ханшийн огцом савлагаа үүсч даамжрахаас сэргийлж мөнгөний бодлогын арга хэрэгсэл болон валютын интервенцийг хослуулан ажилласан болно.

Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно гэж үзэж байна. Түүнчлэн, тодорхой бус байдал, зах зээлийн хүлээлт, эрэлт нийлүүлэлтийн түр зуурын зөрүүнээс үүдэлтэй ханшийн савлагааг тогтворжуулах үүднээс 11 дүгээр сар гарснаас хойш 420 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлээд байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 8.4 хувиар суларч, ДНБ-ий бодит өсөлт 3 дугаар улиралд 6.7 хувьд хүрч идэвхжисэн хэдий ч эрэлтийн шалтгаантай инфляци харьцангуй тогтвортой хэвээр байв. Иймд 12 дугаар сарын ээлжит хуралдаанаар Мөнгөний бодлогын хороо өмнөх бодлогын шийдвэрүүдийн үр дүн, инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилтийг харгалзан бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

Мөнгөний бодлогын хорооны цаашдын шийдвэр үйл ажиллагаа нь 2019-2020 онд инфляцийг 8 хувийн орчимд тогтворжуулах үндсэн зорилтыг хангах, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, хамгаалахад чиглэх болно.

 

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

2018 оны 12 дугаар сарын 14

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.