Монголбанк

Буцах

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн УИХ-ын чуулганд хэлсэн үг

Огноо: 2020/10/05

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ!

Төрөөс төрийн мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулгыг Ковид 19 цар тахлын нөлөө болон энэхүү сорилтыг даван туулахад төв банкнаас явуулах бодлого, арга хэмжээний талаарх танилцуулгаас эхэлье.

Дэлхий нийтээр цар тахлын нөлөөнд автаж, дэлхийн эдийн засаг 2020 онд 5 орчим хувиар агших хүлээлттэй байна. Энэ нь их хямралаас хойшхи хамгийн огцом уналт болж, улс орон бүрт алагчлалгүйгээр сорилт тулгаж байгаа билээ. Хэдийгээр тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа ч сүүлийн саруудад гутранги байдал аажмаар буурч байна. Нөхцөл байдалтай уялдуулан улс орон бүр цар тахлын өмнө хуримтлуулсан нөөц, бий болгосон тогтвортой байдал, бодлогын орон зайнаас хамаарсан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа болно. 

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшиж, экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч, зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулж байна. Ийм үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Нэгт, бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлийг зөөлрүүлэх, барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх, хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авлаа. Энэ нь банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой.  Бодлогын хүүг 3 нэгж хувиар бууруулахын зэрэгцээ төгрөгийн заавал байлгах нөөцөөс 324 тэрбум төгрөгийн нөөцийг чөлөөллөө. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор богино хугацаат репо санхүүжилтээр 2.4 их наяд төгрөг, гадаад валютын своп хэлцлээр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банк хоорондын захад нийлүүлээд байна. 

Хоёрт, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкны хяналт шалгалтын журам, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулж, зээлд бүтцийн өөрчлөлт хийх, актив ангиллын журамд тохиргоо хийлээ. Ковид 19-ийн сөрөг нөлөөлөлд өртсөн 108.2 мянган зээлдэгчийн нийт 3.8 их наяд төгрөгийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна.

Гуравт, өрхийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэн хэрэглээг тэтгэж, санхүүгийн хүндрэлийг нь хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авлаа. Энэ хүрээнд 728 тэрбум төгрөгийн 82,868 зээлдэгчийн хэрэглээний зээл, 2.0 их наяд төгрөгийн 38,270 зээлдэгчийн ипотекийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна. Монголбанкны зүгээс авсан эдгээр арга хэмжээ нь цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар сэргэлтийн боломжийг хадгалахад чиглэнэ гэж төв харж байна. 

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийг хямралаас гаргаж, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зарчмыг баримталлаа. Инфляцыг нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжиж буй нь энэ удаагийн мөнгөний бодлогын онцлог болж байна. Инфляцын хэлбэлзлийг бууруулж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөлтэй уялдсан бага түвшинд тууштай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндэс болно. Энэхүү бодлогын дунд хугацааны үр дүн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээл дээрх хүү буурах байдлаар илэрнэ гэж тооцоолж байна. 

Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30% хүртэл суларлаа. Харин төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 орчим хувь суларсан нь экспортын орлого 40-50% хүртэл тасарсан хүнд үед тойрох аргагүй, шаардлагатай бодлогын тохиргоо гэж Монголбанк харж байна. Монгол Улсын экспортын үнэ, хэмжээ оны эхний хагастай харьцуулахад нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилж байгаа нь валютын урсгалыг тэтгэж байна. Түүнчлэн, Монгол Улс 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын Мазаалай бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын Чингис бондыг хэсэгчлэн амжилттай дахин санхүүжүүлсэн, ХХБ-ны 500 сая ам.долларын бонд амжилттай төлөгдсөн зэрэг нь богино хугацааны гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа. Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэж ирлээ. 

Санхүүгийн салбарын хөгжлийн хүрээнд Монголбанк банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөр нь эрсдэл даах чадвар өндөртэй, санхүүгийн зуучлалыг өртөг багатайгаар тасралтгүй үргэлжлүүлэх банкны салбарыг хөгжүүлэхэд чиглэнэ. Банкны хяналт шалгалтын хүрээнд хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдийг хэвийн горимд аажмаар шилжүүлнэ. Мөн санхүүгийн зах зээл илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх чиглэлээр “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн, төлбөрийн системийн дэд бүтцийг сайжруулах, шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжих чиглэлээр үндэсний төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Энэ нь санхүүгийн гүнзгийрэлт болон хүртээмжийг дээшлүүлэх, санхүүгийн системийн үр ашгийг сайжруулах ач холбогдолтой. Дээр хөндөгдсөн бүх асуудал, арга хэмжээний төлөвлөгөө үндсэн чиглэлд бүрэн тусгалаа олсон байгаа.

            УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ,

Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөж, үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолын төсөлд тусгалаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага хоорондын ажлын уялдаа нэн чухал билээ. Уг стратегиас амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй онцгойлон хөндөх шаардлагатай асуудал бол чанаргүй зээлийн асуудал юм. Дотоодын болон олон улсын байгууллагын судалгаагаар зээлийн гэрээний шаардах эрхийг шүүхээр баталгаажуулж, үүргийн  гүйцэтгэлийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн өнөөгийн зохицуулалт нь чанаргүй зээл үүсэхэд нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Иймд зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зуучлалд дэмжлэг үзүүлэхэд зээлийн гэрээний маргааныг түргэн шуурхай, зөв зохистой шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг Засгийн газар, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр эрчимжүүлэх шаардлага нэн чухал болоод байгааг энд онцолмоор байна.

“Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгасан олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлогын уялдаа асар чухал болохыг энд онцлон хэлэхийг хүсч байна. Бодлогын хүү, хадгаламж, зээлийн хүү сүүлийн 20 гаруй жил өндөр түвшинд тогтож ирсэн нь Монгол Улсын эдийн засгийн савалгааны тусгал болохыг судлаач мэргэжилтнүүд нэгэн зэрэг хөнддөг. Энэ савалгааг бууруулахгүйгээр хүү тогтвортой буурах боломжгүй. Иймд нийцтэй Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, бизнест таатай макро орчныг бүрдүүлэх нь чухал юм. 

Монгол Улс 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр чамгүй ажлыг амжуулсан. ФАТФ-аас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаснаар стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөлийг бүрдүүлээд байна. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн явцын үнэлгээ 2023 онд хийгдэх бөгөөд үүний бэлтгэл ажлыг ирэх оноос эхлүүлж, үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөөг баталж, хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. 

Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, 2020 онд цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр гадаад худалдаа удааширч, хөрөнгө оруулалт саарч, дотоод эдийн засаг агшин инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Ирэх онд гадаад, дотоод эдийн засаг аажмаар сэргэх хүлээлттэй байгаа ч Ковид-19 вирусын эсрэг үр дүнтэй эмчилгээ, вакцин гараагүй цагт тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдаж, эдийн засгийн суурь эрсдэл хэвээр байна. КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байгаа бөгөөд ирэх жилийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэж төв банк харж байна. 

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.