Монголбанк

Буцах

КОВИД 19-ийн үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Огноо: 2020/11/24

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд, бусад төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг судалж, өөрийн орны онцлогт тохирсон бодлогын цогц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь олон улсын ‘сайн туршлага’-тай нийцтэй бөгөөд эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, цаашлаад эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн болно.

I. Бодлогын хүүг 6 хувь болгож, 5 нэгж хувиар буурууллаа

2020 он гарснаас хойш Мөнгөний бодлогын хорооны ээлжит болон ээлжит бус хурлын шийдвэрээр бодлогын хүүг нийт 5 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэв. Бодлогын хүүг бууруулах шийдвэр нь инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм. Цаашид эдийн засгийн төлөв КОВИД-19 вирусийн тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.

II. Төгрөгийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 4.5 нэгж хувиар бууруулав

Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11 болон 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тогтоолоор төгрөгийн ЗБН-ийн хувь хэмжээг нийт 4.5 нэгж хувиар бууруулж, 6.0 хувь байхаар шийдвэрлэв. Энэхүү бодлогын арга хэмжээ нь 1) банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулж, үндэсний валютаар эх үүсвэр татахыг дэмжих, 2) банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих зорилготой.

III. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор гадаад валютын своп хэлцлийг тогтмол хийж байна

Банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх, валютын ханшийн эрсдэлээс хамгаалах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг зорилгоор Монголбанк төгрөг-ам.долларын своп хэлцлийг банкуудтай тогтмол хийж байна. Монголбанк оны эхнээс богино хугацаат репо санхүүжилтээр оны эхний 9 сарын байдлаар 2.4 их наяд төгрөг, гадаад валютын своп хэлцлээр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банк хоорондын захад нийлүүлээд байна.

IV. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд түр хугацааны өөрчлөлт оруулав

КОВИД-19 вирусын тархалттай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт хүндрэл учирч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч байгаатай холбогдуулан Монголбанкнаас дараах журмуудын тодорхой зохицуулалтыг доорх нөхцөлтэйгөөр түр хугацаагаар буюу 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү зохицуулалтын хүрээнд 10-р сарын 1-ний байдлаар 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл байна.

V. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа

COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд  банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулахаар болов. Энэхүү шийдвэр нь иргэдийг цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэхийг идэвхжүүлэх зорилготой. Нийлбэр дүнгээрээ 4 сарын 1-ээс 10-р сарын 1-ний хооронд 33 сая удаагийн гүйлгээгээр 1.46 тэрбум төгрөгийн банк хоорондын төлбөр, тооцооны шимтгэл хураамжийг хэрэглэгчдээс аваагүй чөлөөлөөд байна.

VI. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргалаа

Мөнгөний бодлогын хорооны ээлжит болон ээлжит бус хурлуудын шийдвэрээр эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа. Энэхүү арга хэмжээ нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн дарамт буурч гар дээр үлдэх орлого нэмэгдсэнээр хувийн хэрэглээг урамшуулах, улмаар үүсээд буй өнөөгийн хүндрэлийг зөөлрүүлэх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх нөлөөтэй юм. Энэ хүрээнд 10-р сарын 1-ний өдрийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна.

VII. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа

Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. 10-р сарын 1-ний өдрийн байдлаар нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан.

VIII. Төв банкны хүүний коридорын өргөнийг нарийсгаж, бодлогын хүүгээс +/- 1 нэгж хувиар тогтоов

Мөнгөний бодлогын хорооноос 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүүний коридорыг +/- 1 өргөнтэй болгож нарийсгах шийдвэр гаргасан нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, илүү бага хүүгээр Төв банкнаас репо санхүүжилт авах бололцоог бий болгох зорилготой юм. 

IX. Банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн урамшууллыг харилцан адилгүй тооцож эхлэв

Банкны салбарын зээлийн долларжилт буурсан ч эх үүсвэрийн долларжилт нэмэгдэх хандлагатай байгаа нь банкуудын баланс дахь валютын тэнцвэрт бус байдлыг нэмэгдүүлж байна. Банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрт ногдуулах заавал байлгах нөөц төгрөгийн хувьд 8.5% болгож бууруулсан бол гадаад валютын хувьд 15%-тай байна. Түүнчлэн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хурлаар банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж, хүүтэй харилцахын эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэрийг гаргалаа.

X. Монгол Улс ФАТФ-ын хяналтын жагсаалтаас гарав

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан улс орнуудад үнэлгээ хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түр зогсоохоор тогтсон бол Монгол Улсын хүсэлтийг харгалзан үзэж, үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Түүнчлэн газар дээрх хяналт шалгалтыг ФАТФ, хамтын ажиллагааны ажлын хэсэг хийсний үндсэн дээр 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулга уулзалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэснийг ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер мэдэгдлээ.

XI.  Монголбанкнаас банкинд олгох барьцаат зээлийн журамд түр өөрчлөлт оруулав

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 201 дүгээр зүйлийн 1 дэх заалтад Монголбанк банкны системийн эцсийн зээлдүүлэгчийн хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь түр хугацааны хүндрэл үүссэн, өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой, төлбөрийн чадвартай банканд тодорхой нөхцөлийн дагуу барьцаатай зээл олгож болно хэмээн заасан байдаг. Засгийн газрын үнэт цаасны анхдагч захын арилжаа зогссон, Төв банкны үнэт цаасны төвлөрөл өндөр байгаа өнөөгийн нөхцөлд КОВИД-19  вирусийн хурдацтай тархалтаас үүдэн эдийн засагт үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанк барьцаат зээлийн журамд 2020 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл түр хугацааны өөрчлөлт орууллаа. Үүнд:

  • Барьцаат зээлийн хугацааг 90 хүртэл хоног байсныг 180 хүртэл хоногийн хугацаатай болгож өөрчлөв.
  • Барьцаат зээлийн хүүг 16 хувь байсныг 11 хувь болгон бууруулав.
  • Барьцаа хөрөнгийн жагсаалтыг өргөтгөлөө.

XII.  Урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа

Энэхүү шийдвэр нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно.

XIII. Төв банк, Сангийн яамтай хамтран зээлжих зэрэглэлийн агентлагууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллаж, тогтмол мэдээллээр хангаж байна

Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа нь Монгол Улс гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, гадаад зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвартайг харуулж байна. Монголбанк олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагтай 3-р сарын 25, 5-р сарын 22-нд, Мүүдис агентлагтай 4-р дүгээр сарын 13-нд, Эс энд Пи агентлагтай 6-р сарын 3-нд тус тус цахим уулзалт зохион байгуулсан. Фитч агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэллээ.

XIV. ОУВС-аас Монгол Улсыг “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулав

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-гийн шуурхай санхүүжилтийн хөтөлбөр (RFI)-т хамрагдаж, 99 сая ам.долларын санхүүжилтийг аваад байна. Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг дүгнэж “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т шилжээд байна.

XV. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихээр шийдвэрлэв

МБХ-ны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус хурлаар жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан билээ. Улмаар МБХ-ны 12-р сарын 18-ны өдрийн ээлжит хурлын шийдвэрээр жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 1-р улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор тогтлоо.

2

ЦАР ТАХЛЫН ҮЕД САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛ

 

Улсын Их Хурлын 2020 оны 4-р сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг тогтоолд:

  • Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалах,
  • Санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх,
  • Зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах,
  • Цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх,
  • Жижиг дунд үйлдвэрийн зээлд батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх,
  • Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд багтжээ.

Түүнчлэн, төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд:

  • Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх,
  • Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Ноолуурын түүхий эдийн экспорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд оров.

 

3

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

 

Монголбанкнаас валютын зохицуулалтын хүрээнд богино хугацааны ханшийн хэлбэлзлээс ашиг олох арилжааны үйл ажиллагааг хязгаарлах, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх агуулгаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ-д уламжилсан. Тэдгээр саналыг нэгтгэж Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” баталсан.  Тус хуульд банкны сектортой холбоотой дараах заалтууд хэрэгжиж эхэлсэн. Үүнд:

Банкны харилцах дансанд хүү тооцохгүй: 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй.  Өөрөөр хэлбэл, банкнаас харилцагчид үзүүлж байгаа төлбөрийн үйлчилгээний гэрээ, хэлцэл нь уг хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр бус болох эрсдэлээс сэргийлэх шаардлагатай юм. Энэхүү арга хэмжээг харилцах дансыг хугацаагүй хадгаламжид хөрвүүлэхээс зайлсхийж, банкууд харилцан ойлголцож, нэгдсэн стандарт мөрдүүлэн хэрэгжүүлнэ.

Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй: хууль хэрэгжих хугацаанд гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй буюу даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхгүй. Харин Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалын хураамжаас чөлөөлөгдөхгүй. 

Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх, гадаад валютын харилцах, хадгаламжийг зээлийн барьцаа болгохгүй байх: Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно. Түүнчлэн, гадаад валютын харилцах, хадгаламжийг зээлийн барьцаа болгохгүй байх нь валютын зах дээрх спекуляци эрэлтийг бууруулж, үндэсний мөнгөн тэмдэгтийг хэрэглээг дэмжинэ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.