Монголбанк

Буцах

Монголбанк 22 тонн үнэт металл худалдан авлаа

Огноо: 2020/12/24

Монголбанк 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тн үнэт металл худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн байна. Монголбанк сүүлийн 5 жилд 100 орчим тн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ.

Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгов. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсөж, 1.7 тэрбум ам.долларт  хүрсэн нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулав.

Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд худалдан авах үйл ажиллагаа илүү боловсронгуй болж Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өслөө.

Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай  хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдлыг бууруулах, мөн дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой үнэт металлын худалдааг албажуулах чиглэлээр ажиллаж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.