Монголбанк

Буцах

Монголбанкны хяналтын зөвлөлийн хурлын мэдээлэл

Огноо: 2016/06/28

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 06 дугаар сарын 28-нд болов. Тус хурлаар Монголбанкны дотоод хяналтын дүрэм журам, үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн байдлын талаар Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын сонсгол, Монголбанкны 2015 оны эцсийн болон 2016 оны тухайн үеийн хөрөнгө оруулалтын багцын байдлын тухай гишүүн Ж.Үнэнбатын мэдээлэл болон Монголбанкны 2015 оны аудит хийсэн санхүүгийн тайланд Монголбанкны Хяналтын зөвлөлөөс өгөх санал, зөвлөмжийн тухай гишүүн Д.Нямаагийн сонсгол зэргийг хэлэлцэв.

Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаанд хуулийн дагуу мөрдвөл зохих дүрэм, журам, зааврыг гүйцэт боловсруулан мөрдөж, уг асуудлаарх хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай төвшинд байна гэж Хяналтын зөвлөл үзэв.

Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн дагуу авсан санхүүжилттэй тэнцэх хэмжээний валютын нөөцийг бүрдүүлэх, эсвэл хугацааг нь сунгах, өрийн эрсдэлийг тооцож ажиллах, ГВУН-ийг тайлагнадаг олон улсын стандартыг мөрдөхийг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөсөн байна.

Монголбанкны 2015 оны санхүүгийн тайланд “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК аудит хийж банкны санхүүгийн жилийн үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээг материаллаг алдаагүй, үнэн зөв толилуулсан байна гэсэн дүгнэлт гаргаж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын чиглэлээр 3, мэдээллийн технологийн удирдлагын чиглэлээр 3 зөвлөмж өгсөн байна. Хяналтын зөвлөл аудитын дүгнэлттэй санал нэг байгааг тэмдэглэж, 2015 оны болон өмнөх жилүүдийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын өгсөн зөвлөмжийг хангаж ажиллах хүрээнд Монголбанкны мэдээллийн технологийн системийг сайжруулах асуудлыг банкны удирдлага онцгойлон анхаарч холбогдох газар, албадын оролцоо дэмжлэгийг уялдуулан ажиллах; орлого зардал тооцож бүртгэхтэй болон санхүүгийн тайлагналын үзүүлэлтүүдийн ангилалтай холбоотой олон улсын стандартыг бүртгэл, тайлагналд зөв мөрдөж, тайлангийн үнэн зөв байдалд тавих хяналтаа сайжруулж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөв.

Мөн Монголбанкны өөрийн хөрөнгийн сөрөг дүнг Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу УИХ-д танилцуулан шийдвэрлүүлэхийг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөжээ.

Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг холбогдох газарт хүргүүлэхээр тогтов.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүд тус зөвлөлийн 2017 оны төсвийн төслийг дэмжиж, дотоод асуудлаар мэдээлэл солилцов.
 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.