Монголбанк

Буцах

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Огноо: 2022/09/20

Бодлогын хүүг нэмэгдүүлэх, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкуудын гадаад зах зээлээс шинээр татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох тухай

 

Дугаар: 2022/04

Огноо:  2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
  2. Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох;
  3. Банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна.

Эдийн засгийн өсөлт эхний хагас жилд харьцангуй өндөр гарлаа. Хилийн хязгаарлалт тодорхой хэмжээнд суларсан хэдий ч уул уурхай, тээврийн салбарт үзүүлэх сөрөг нөлөө үргэлжилж байна. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон хөдөө аж ахуйн салбар зэрэг уул уурхайн бус салбарын өсөлт 2022 оны 2 дугаар улиралд эрчимжиж, энэ оны эхний хагас жилд цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшнээс давлаа. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал дараалан өсөж, дотоод эрэлтийг нэмэгдүүлж байна. Энэ онд уул уурхайн бус салбарын идэвхжил үргэлжлэн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна.

Банкны системийн эх үүсвэрийн долларжилт нэмэгдэж, гадаад зах зээлийн суурь хүү өсч байгаа зэрэг нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгов. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж, өргөн болгох болон банкуудын гадаад зах зээлээс татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах багц шийдвэрийг гаргав. Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг зорилтот түвшин рүү буцааж авчрахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэй юм.

Цаашид мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн хатууруулах эсэх нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

 

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.