Монголбанк

Буцах

Б.Лхагвасүрэн: Финтекүүдийг дэмжих sandbox үүсгэхээр судалж байгаа

Огноо: 2019/11/22

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй цахим мөнгө болон төлбөрийн системийн талаар ярилцлаа.

Финтек үйлчилгээ болон цахим төлбөр тооцоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Энд бий болох ачааллыг одоогийн ACH+ (Automated Clearinc House plus) систем даах чадвар хэр зэрэг вэ?

Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр Монголбанк “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд төлбөрийн системийн оролцогч хоорондын бага дүнтэй гүйлгээний ACH+ системийг хоёр сарын өмнө амжилттай нэвтрүүллээ. Энэхүү ажлын үр дүнд банк, санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, шинэ дэвшилтэт технологид суурилсан гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэх таатай боломж бүрдсэн. Энэ системийг нэвтрүүлсэн нь цаашид төлбөр тооцооны системд бий болох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, системийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, төлбөр тооцооноос үүсэх эрсдэлийг хаах үндсэн зорилготой. АСН+ систем нэвтрүүлснээр санхүүгийн гүйлгээний мэдээллийн олон улсын ISO20022 стандарт, дансны дугаарын давхардлыг арилгах олон улсын IBAN стандарт, санхүүгийн дэд бүтцийн олон улсын суурь зарчмуудыг (pFMI) хангах, гаднын халдлага, мэдээлэл алдагдахаас хамгаалах аюулгүй байдлын стандарт хангасан банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөрийн үйлчилгээг бүх системийн оролцогч болох нийт 21 байгууллагад үзүүлэх юм.

Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ) өмнө нь Монголбанкны дотооддоо хөгжүүлсэн системээр банк хоорондын бага дүнтэй гүйлгээг бодит цагийн 24/7 горимоор дамжуулдаг байсан нь баяр наадмын үе зэрэг гүйлгээний ачаалал оргил үед систем ачааллаа даахгүй болох, банк хоорондын төлбөр буюу хэрэглэгчийн гүйлгээ саатах зэрэг эрсдэл гардаг байсан. Харин ACH+ нэвтэрч төлбөрийн системийн оролцогч хоорондын төлбөр тооцоог бодит цагийн болон багц гүйлгээний хоёр суваг ашиглан дамжуулж эхэлснээр ачааллыг хуваарилах боломжтой болж (яаралтай бус гүйлгээг илүү бага шимтгэлтэй багц гүйлгээний горимоор дамжуулж) системийн ачаалал буурч, үр ашиг нэмэгдсэн. Нэг ёсондоо Монгол Улс олон улсын төлбөр тооцооны стандартад Европын холбооноос түрүүлээд бага дүнтэй гүйлгээний ACH+, их дүнтэй гүйлгээний RTGS системүүдээ нэвтрүүлээд байна гэсэн үг.

Монголчуудын цахим мөнгөний хэрэглээ хэр зэрэг байна вэ. Картын болон цахим хэтэвчний хэрэглээнд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?

Банк хоорондын мобайл болон интернет шилжүүлэг, цахим мөнгөний төлбөр тооцооны хэрэглээ өсөж байгаа. Монголбанкнаас гаргадаг судалгаанаас харахад иргэдийн дунд хамгийн өргөн хэрэглэгдэж буй төлбөрийн хэрэгсэл нь төлбөрийн карт хэвээр байна. Төлбөрийн карт дундаа манай үндэсний төлбөрийн “₮” гэгдэх дотоодын картаар хийгдэж буй гүйлгээ нийт картын төлбөр тооцооны 70 орчим хувийг эзэлдэг. Гэхдээ энэ статистик бэлнээр хийж буй төлбөр тооцоог оруулахгүйгээр, зөвхөн бэлэн бус төлбөрийн хэрэгслүүдийн дунд хийгдсэн судалгаа гэдгийг онцлох хэрэгтэй. “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд бид үндэсний ₮ картын технологийг шинэчилж, EMV/NFC буюу чип болон зайнаас унших боломж нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчилж, нууцлал аюулгүй байдлыг сайжруулснаар, цахим мөнгө болон цахим хэтэвч ашигласан төлбөр тооцоо хөгжиж, иргэдийн дунд эдгээр төлбөрийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож байна. Цахим мөнгө, цахим хэтэвчний хэрэглээний цаашдын өсөлт нь үндэсний ₮ картын технологийг шинэчлэх, нууцлал аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн EMV/NFC стандартад шилжих ажилтай салшгүй холбоотой.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Цахим мөнгөний журмаар тодорхойлсон цахим мөнгөний ойлголт нь техник технологи хурдтай хөгжиж буй энэ цаг үетэй хэр нийцсэн тодорхойлолт вэ. Шинэчлэх хэрэгцээ шаардлагыг хэрхэн харж байна вэ?

Цахим мөнгө нь олон улсад төлбөрийн картанд агуулагдаж буй мөнгө буюу electron money, зөвхөн технологид суурилсан, үүсмэл мөнгө буюу crypto currency, мөн digital currency гэсэн гурван янзаар ойлгож, хэрэглэж байна. Гэвч аль аль нь Монгол хэлэнд цахим мөнгө гэсэн нэг л үгээр буудаг. Харин Монголбанкны зүгээс хуульд оруулсан ойлголт бол digital currency юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг утасны цахим хэтэвчинд агуулагддаг, цахимаар төлбөр тооцоо хийдэг мөнгийг digital currency гэж нэрлээд байгаа юм. Үүнд мэдээж төлбөрийн картанд байгаа мөнгийг ч ойлгож болно.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг Монголбанкнаас санаачлан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд цахим мөнгөтэй холбоотой харилцааг анх удаа зохицуулахаар тусгасан. Харин хуулийг дагалдуулан гаргасан төлбөр тооцооны асуудлуудыг зохицуулах олон зохицуулалт байгаагийн нэг нь Цахим мөнгөний журам. Хуулиар төлбөр тооцооны системд оролцогч талуудыг тодорхойлох, цахим төлбөрийн хэрэгслүүдийн тодорхойлолт, банк болон банк бус оролцогчдын эрх үүрэг, төлбөрийн хэрэгслүүдийн тодорхойлолт, үнэт цаасны төлбөр тооцооны зохицуулалтууд, финтек компаниудын оролцоо зэрэг олон чухал зохицуулалтыг Монгол Улс анх удаа хуульчилан тодорхойлж өгсөн. Хуулийг хэрэгжүүлж эхлээд бараг хоёр жил болох гэж байгаа ч амьдрал байнга өөрчлөгдөн хувьсаж, шинэ зохицуулалтуудын хэрэгцээ шаардлага гардагийн адил Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг сайжруулах, зохицуулалтыг тодорхой болгох хэрэгцээ шаардлага харагдаж эхэлж байна. Мэдээллийн технологийн байнгын хурдтай хөгжил, үүнийг дагаад төлбөрийн системийн хөгжил, шинэ бүтээгдэхүүн, хандлага тасралтгүй өөрчлөгдөж байгааг тооцвол энэ зайлшгүй үзэгдэл юм.

Цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг финтекүүд гарч ирэх тусам хэрэглэгчдэд ч тус бүрт нь апп ашиглах, QR уншуулах зэрэг төвөгтэй байдал үүсээд байх шиг. Яг л нэг үе банкууд өөрийн гэсэн АТМ, ПОС машинтай байж, бие биеийнхээ картыг харилцан уншдаггүй байсантай адил. Энэ тал дээр Монголбанк цаашдаа ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа вэ?

Тийм ээ. Цахим төлбөр тооцооны хөгжлийг дагаад, финтек компаниуд болон банкууд тус бүртээ өөр стандарттай, тусгай апп, өөр өөр QR код ашиглах хандлага гарч байна. Монголбанк үндсэн зохицуулагчийн хувьд үндэсний жишиг стандарт тогтоон гаргах үүрэгтэй. Саяхан Монголбанк үндэсний ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлэх ажлын хамтрагч компаниар дэлхийн картын төлбөр тооцооны тэргүүлэгч “MasterCard интернейшнл” компанийг сонгосон. Тус компанийн дэлхий нийтээр ашигладаг технологийг бид үндэсний төлбөрийн ₮ картын стандарт болгож ашиглахаар гэрээ байгуулж байна. Монголбанкны хувьд энэ ажлыг гүйцэтгэхдээ нэг бол өөрсдөө хөгжүүлсэн шинэ жишиг стандарт бий болгох эсвэл олон улсад хүлээн зөршөөрөгдсөн бэлэн стандартыг үндэсний болгон нутагшуулах гэсэн хоёр сонголтын дундаас цаг хугацаа хэмнэх, цаашдын хурдтай хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг бодолцон ийм сонголт хийсэн. Мөн энэ ажлын хүрээнд QR кодод суурилсан болон мобайл төлбөр тооцоо, цахим хэтэвч зэрэг шинэ дэвшилтэт төлбөр тооцооны улсын нэгдсэн стандартыг “MasterCard интернейшнл” компанийн нэгэнт батлагдсан, олон улсад өргөн ашигладаг, EMVCo байгууллагын шаардлагад нийцсэн туршлагад үндэслэн бий болгоно. Улмаар банкууд болон финтек компаниудын шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ харилцан бие биеэ дэмждэг зохицуулалт хийнэ. Энэ тал дээр QR код ашигласан болон бусад шинэ төлбөр тооцооны бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж буй, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа банк болон бусад байгууллага, компанитай хамтран ажиллана. Нэгдсэн стандартууд бий болгоход эдгээр байгууллагын санал, хүсэлтийг тусгаж ажиллана. Цаашдаа төлбөр тооцооны системийн оролцогчид үндэсний стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг болно гэсэн үг.

Цаашдаа Candy зэрэг өөрийн гэсэн тусгай нэршил бүхий цахим мөнгөнүүд гарч ирвэл бие биедээ хөрвөх боломж болон төлбөрийн системээр дамжин харилцан солилцоход ямар нэг хүндрэл гарах уу, үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?

Би өмнө дурдсанчлан Монголбанк ерөнхий зохицуулагч байгууллагын хувьд өөр өөр нэршил бүхий цахим мөнгө цаашид гарч ирвэл цахим мөнгө хоорондын нийцэл, харилцан хөрвөх боломж, нэгдмэл байдлыг хангана. Цахим мөнгөний тухай журамд нэгдмэл байдлыг хангахад чиглэгдсэн үндсэн зохицуулалт болох цахим мөнгө нь төгрөгтэй 1:1 байдлаар хөрвөх, цахим мөнгийг хадгаламж, зээл хэлбэрээр байршуулахгүй байх, олон улсын нийтээр хүлээн зөршөөрч дагаж мөрддөг жишиг стандарт гэх мэт гол зохицуулалт суулгаж өгсөн. Нэмж хэлэхэд, Монголбанкны “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд ҮЦГТ-д нэвтрүүлсэн ACH+ систем цахим мөнгө хоорондын гүйлгээг дамжуулах, нэгдмэл байдлыг хангах, гүйлгээний хаалтыг төлбөр тооцооны төлөөлөгч банк ашиглан RTGS буюу их дүнтэй гүйлгээний төлбөрийн системд дамжуулах боломжтой болсон.

Хэрэглэгчийн өгөгдөл солилцоо, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хууль эрх зүйн орчинд шийдвэрлэх ямар зохицуулалт шаардлагатай вэ. Төлбөрийн системийн гол хоёр оролцогч болох банк болон харилцаа холбооны компаниуд хэрэглэгчийн мэдээлэл, өгөгдлийг тус бүртээ цуглуулдаг. Үүн дээр финтекүүд нэмэгдээд ирлээ. Энэ бүхнийг цэгцлэхэд Монголбанкны зүгээс ямар оролцоотой ажиллах вэ?

Мэдээллийн зуун, “Аж үйлдвэрлэлийн IV хувьсгал”-ын эрин гэж тодотгож байгаа өнөө үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал нь зөвхөн төлбөр тооцооны системд оролцогч банк, харилцаа холбооны компаниудын төдийгүй бүх байгууллагын асуудал болж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэглэгчийн цахим мэдээллийг аливаа хэлбэрээр авах, хадгалах, боловсруулалт хийж ажиллах нь түгээмэл, бизнесийн бодит хэрэгцээ болж байна. Монголбанкнаас банкууд, төлбөрийн системийн оролцогчдод тавьж буй гол шаардлагуудын нэг нь  мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах явдал юм. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан журмууд, төлбөрийн системийн оролцогчийн зөвшөөрлийн асуудалд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн мэдээллийг найдвартай хамгаалах гэсэн гол шаардлага тавьдаг. Мөн Монголбанк нь өөрийн банк хоорондын төлбөрийн системүүд болох RTGS, ACH+ болон картын төлбөр тооцоо дамжуулах системүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд техникийн шинэчлэл хийж байна. Жишээ нь, “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэмэлт системүүд болох цахим гарын үсгийн систем (PKI – Public Key Infrastructure), төлбөрийн картын гүйлгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах Tokenization service зэрэг системийг Монголбанкны ҮЦГТ-д нэвтрүүлж байна. Өмнө нь тодорхой хэлсэнчлэн үндэсний төлбөрийн ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлэх ажил мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах чиглэлд хийх томоохон шинэчлэлийн нэг юм.

Банкны болон үүрэн холбооны операторуудын дэд бүтэц, технологийн тусламжтай үүссэн цахим мөнгөний хувьсал технологийн хувьд нэг шат ахиж блокчейнд суурилсан крипто валют болсон гэж дэлхий нийт ойлгож байна. Монголд ч гэсэн крипто валют гаргасан финтек бий. Мөн Facebook компани Libra гэх крипто валют гаргахаар ажиллаж байна. Хүссэн хүсээгүй цахим төлбөрийн ийм харилцаа Монголд өргөн хүрээг хамрах нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Үүнд Монголбанк ямар байр суурь баримталж байгаа вэ?

Крипто валют, түүнийг ашиглах, цаашдын чиг хандлагын талаар Монголбанк судалж, тодорхой зөвлөмжүүд гаргасныг та бүхэн санаж байгаа байх. Дэлхийн бусад улс орон, төв банкууд нийтээрээ крипто валютын талаар судлах, төлбөр тооцооны одоогийн тогтсон системд ямар нөлөө үзүүлэх, хэрхэн үр ашигтай ашиглаж болох талаар судалгааны ажлууд хийж байна. Монголбанк ч энэ чиглэлээр ажиллаж, бусад төв банктай мэдээлэл солилцох, Facebook компанийн Libra гэх крипто валютын талаарх шинэ санаачлагууд, төслүүдийн цаашдын өрнөл, төлбөр тооцооны системүүдэд үзүүлэх үр ашигтай болон сул талуудыг судлан ажиллаж байгаа. Иргэд, олон нийтийн хувьд өөрсдөө сонголт хийн хөрөнгөө оруулж байгаа бол эрсдэлийг сайн үнэлэх, өөрсдөө хариуцахыг байнга сануулан ажиллаж байна. Мөн аж үйлдвэрийн парк, инкубатор гэдэг шиг финтекийн шинэ бүтээгдэхүүнийг турших орчин буюу sandbox үүсгэх зохицуулалт, техникийн судалгааны ажил эхлүүлэн, олон улсын байгууллагын зөвлөхүүдтэй санал солилцон ажилаж байна.

Эх сурвалж: “Mongolian Economy” сэтгүүл

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.