Монголбанк
Буцах

Төв банкны үйл ажиллагаа яагаад ил тод, нээлттэй байх ёстой вэ?

Төв банкны олон нийттэй харилцах харилцаа нь орчин үеийн мөнгөний бодлогын салшгүй нэг хэсэг болсон нь дараах 3 шалтгаантай холбоотой. Үүнд:

Нэгдүгээрт, дэлхийн олон орны төв банкууд үйл ажиллагаагаа Засгийн газраасаа хараат бусаар явуулах болсон байна. Аливаа төв банк нийгмийн эрх ашигт үйлчилж байх үүргийг хүлээсэн байдаг. Харин энэхүү өндөр үүрэг хариуцлагыг ёс төртэй биелүүлэхэд төв банкны хараат бус үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк зарим тохиолдолд хүнд хэцүү арга хэмжээг авах ёстой болдог. Харин тулгамдсан бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байхын тулд төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаж байх зайлшгүй шаардлага урган гардаг.

Олон улсын туршлагаас харахад хараат бус Төв банктай улс орнуудын инфляци бага байдаг нь нотлогдсон байна.

Төв банкны хараат бус байдал ба инфляцийн түвшин /1955-1988/

Тэгвэл хараат бус төв банкны нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг яаж бэхжүүлэх ёстой вэ? Үүний хариулт нь төв банкны ил тод, нээлттэй байдал юм. Ил тод байдал нь зөвхөн төв банкны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлээд зогсохгүй төв банкны үйл ажиллагааг олон нийтийн зүгээс үнэн зөв, бодитой үнэлж цэгнэх боломжийг ч мөн бүрдүүлдэг.

Хоёрдугаарт, дэлхийн олон төв банк инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрийг (ялангуяа 1997 оны Азийн хямралын дараа) сонгох болсон ба энэхүү арга хэлбэрийн нэг содон онцлог нь санхүүгийн зах, олон нийттэй идэвхтэй харилцах явдал байдаг.

Гуравдугаарт, төв банк нь олон нийттэй харилцсанаар зах зээлийн хүлээлтийг бий болгох, улмаар хүлээлтийг удирдах боломж бүрддэг байна. Ард иргэд, санхүүгийн зах Төв банкны дараа дараагийн бодлогын арга хэмжээг зөв таамаглаж байгаа бол Төв банкны олон нийттэй харилцах харилцаа үр өгөөжтэй байна гэж үздэг байна. Санхүүгийн зах, ард иргэдийн хүлээлтийг зөв зохистой удирдах нь “урагшаа харж” ажилладаг төв банкны онцлог шинж чанар юм. Төв банк санхүүгийн захын хүлээлтэд нөлөөлөх чадвартай болсноор мөнгөний бодлогын үр өгөөж нэмэгдэх чухал хөрс суурь тавигддаг байна.

Ийнхүү төв банкнаас олон нийттэй ил тод, нээлттэй харилцаж, төв банкинд итгэх итгэлийг олж авснаар мөнгөний бодлого улам үр өгөөжтэй хэрэгжих таатай боломж бүрддэг байна.

Төв банк ил тод, нээлттэй байдлыг хангаж чадахгүй байгаа тохиолдолд санхүүгийн захад мэдээллийн хомсдол, хоосон орон зай үүсдэг. Энэ нь ялангуяа хямралын үед ноцтой байдалд (тухайлбал хөрөнгө оруулагчид үймж сандрах, хөрөнгө оруулалтаа эргүүлэн татах) хүргэх эрсдэлийг дагуулж байдаг.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.