Монголбанк

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн үндэслэл, шаардлага, үр дүн


1. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” /цаашид хөтөлбөр гэх/ хэрэгжүүлсэн үндэслэл, шаардлага:

Монгол Улсад инфляцийн түвшин түүхэн хугацаанд байнга өндөр, хэлбэлзэл ихтэй байж ирсэн. Энэ нь эдийн засгаа савлагаа ихтэй нэг салбар (уул уурхайн олборлох үйлдвэрлэл), гадаад зах зээлээс хэт хамааралтай болгосны зэрэгцээ эдийн засагт эрсдэл үүсэхэд түүнийг зөөллөх хамгаалалтын механизмууд буюу хуримтлал бий болгож чадалгүй явж ирсэнтэй шууд холбоотой байв.

ДНБ-ий бодит өсөлт ба жилийн инфляци (2007-2015, 2016-2018 оны зорилт ба төсөөлөл)

Эх сурвалж: Бүртгэл, статистикийн ерөнхий газар, Монголбанк

2007-2015 онд инфляци ердөө 2 тохиолдолд нь нэг оронтой тоонд орсон байдаг. Эхнийх нь 2009 оны санхүү, эдийн засгийн хямралаар ДНБ-ий бодит өсөлт 2008 оны +8.9%-иас 2009 онд -1.3% болж агшихад инфляци 22.1%-иас 4.2% болж буурч байжээ. Харин 2015 онд ДНБ-ий бодит өсөлт 2.3% байхад инфляци 1.9% болж бууран зорилтот түвшнээс доогуур гарлаа.

2010-2012 онуудад инфляци 13.0%, 10.2%, 14.0% буюу байнга хоёр оронтой тоонд байсан. Үүнд нийт эрэлт өссөн, улсын төсвийн зардал, халамж, хувийн хэрэглээ огцом тэлсэн зэрэг нь нөлөөлж байсны зэрэгцээ инфляцийн 1/3-ийг нийлүүлэлтийн гаралтай инфляци, түүний дотор хүнс, махны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байв. Зөвхөн махны үнэ 2010-2012 онд жил бүр дунджаар 34%-иар, 2012 онд 44%-иар өсч байлаа.

Энэ нь бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлогод 20-80%-ийн сөрөг нөлөө, ачаалал бий болгож, нийгмийн дундаж давхаргыг дунджаас доогуур, эмзэг, ядуу бүлэг рүү шахах сөрөг нөлөөтэй байсан юм. Иймд инфляцийг бууруулж, нам, тогтвортой түвшинд байлгах зайлшгүй шаардлага гарсан.

2. Хөтөлбөр хэрэгжүүлэхийг даалгасан шийдвэрүүд

Ийм ч учраас УИХ-аас 2012 оны №57, 2013 оны №62, 2014 оны №34, №69 дүгээр тогтоол гэх мэтээр шаардлагатай шийдвэрүүдийг тухай бүр гаргаж байв. Эдгээр тогтоол шийдвэрээр дараах арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанкинд даалгасан:

  • (1) Иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээ авах,
  • (2) Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах хамтарсан бодлого баримтлах,
  • (3) Үнийг тогтворжуулах цогц механизм боловсруулж хэрэгжүүлэх,
  • (4) Хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийж, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • (5) Хөтөлбөрийн арга хэрэгслийг зах зээлийн механизмд суурилсан хэлбэрт шат дараатай шилжүүлэх,
  • (6) Хөтөлбөрт хяналтын тогтолцоог сайжруулах, хөтөлбөр хэрэгжиж байгаа салбарт өрсөлдөөний шударга бус орчин бий болохоос урьдчилан сэргийлэх, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах.
  • (7) Хөтөлбөрт иж бүрэн дүн шинжилгээ хийж, УИХ-д танилцуулан, цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлүүлэх,
  • (8) Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам, тогтвортой байлгах арга хэмжээ авах,
  • (9) Хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгох,
  • (10) Хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэх,

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ерөнхий схем

Хөтөлбөрийг хувийн хэвшлийн зээл (агуулах дахь бүтээгдэхүүний нөөц буюу хөдлөх хөрөнгийг барьцаалсан банкны зээл буюу агуулахын санхүүжилтийн арга хэрэгсэл)-ээр санхүүжүүлсэн. Хөтөлбөр дараах дэс дараатай хэрэгжсэн. Үүнд:

  • - Засгийн газраас хөтөлбөрт хамрагдах ААН-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
  • - ААН агуулах дахь бүтээгдэхүүн (мах, улаан буудай, шатахуун)-ий нөөцөө барьцаалж банкинд хөнгөлөлттэй хүүтэй зээл авах хүсэлт гаргана.
  • - Банк ААН-ийн хүсэлтийг судалж, эрсдэлийг нь үнэлэн, зээлийн хорооны шийдвэрээ бие даан гаргана.
  • - Монголбанк банкинд зээл олгоно. Банк Монголбанкнаас авсан зээлийн эх үүсвэрээр ААН-д хөтөлбөрийн зээл олгохдоо агуулах дахь бүтээгдэхүүний нөөц болон бусад хөрөнгийг нь барьцаална. Зээл бүрийн цаана барьцаа хөрөнгө байна. ААН-д олгосон зээлийн эрсдэлээ банк хариуцна.
  • - ААН банкинд вексель бичиж өгнө.
  • - ААН банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр агуулах дахь бүтээгдэхүүний нэмэлт нөөцийг бүрдүүлнэ.
  • - Агуулах дахь бүтээгдэхүүний нөөц нь хөтөлбөрт заасан нөхцөлийн дагуу, дотоодын зах зээлд улирлын чанартай борлуулагдаж дуусна.
  • - ААН борлуулалтын орлогоос банкны зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна.
  • - Монголбанк банкинд олгосон зээлийг хугацаанд нь бүрэн төлүүлнэ. Ингэхдээ ААН банкинд зээлээ төлсөн эсэхээс үл хамааран Монголбанк дахь банкны харилцах данснаас суутгаж болно.
  • - Хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг анх Монголбанк банкинд олгосон зээл хэлбэрээр 2013 онд 100% шийдвэрлэж байсан бол 2014 онд 80%, 2015 онд 60% болгон бууруулж, үлдсэн 20% болон 40%-ийг банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн болно.
  • - Монголбанк 2015 онд хөтөлбөрийн өмчлөл, зээлийн үлдэгдлийг Засгийн газарт шилжүүлж, хөтөлбөрөөс бүрэн гарсан.

4. Хөтөлбөрийн үр дүн

Хөтөлбөрийн үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляци 3 жилийн дотор тэг (0.0) болсон. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци 3 жилийн дотор 14.0%-иас 1.9% болж буурсан бөгөөд цаашид инфляци нам, тогтвортой түвшинд хадгалагдах нөхцөл бүрдсэн.

Монгол Улсын жилийн инфляци, түүний бүтэц дэх өөрчлөлт (2007-2015)

Эх сурвалж: Бүртгэл, статистикийн ерөнхий газар, Монголбанк

5. Хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл

Хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл зээлийн эргэн төлөлтөөрөө буурч 2016 оны эцэст 26.4 тэрбум төгрөг, 2017 оны эцэст 0.5 тэрбум төгрөг болох юм. Одоогийн байдлаар 125.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.

6. Тайлагнал, ил тод байдал

  • - Монголбанкнаас УИХ-ын 2012 оны №57, 2013 оны №62, 2014 оны №69 дүгээр тогтоолууд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013, 2014, 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд улирал бүр, нийт 12 удаа албан бичгээр хүргүүлсэн.
  • - Монголбанкнаас Төрийн мөнгөний бодлого, мөнгөний бодлогод сөрөг нөлөөтэй хүчин зүйлс, эрсдэлийн тухай, мөн Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд жилд 4 удаа, 2013-2015 онд нийт 12 удаа хүргүүлсэн.
  • - Монголбанк Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар УИХ-ын нэгдсэн чуулган, УИХ-ын холбогдох байнгын хороод, УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанд шаардлагатай тухай бүр сонсгол, мэдээлэл хийж, хэрэгжилтийг тайлагнаж, холбогдох мэдээллийг хүргүүлж ажилласан.
  • - Монголбанк Хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээний тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2014 оны 5 дугаар сард, Хөтөлбөрийн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмжийг Засгийн газарт 2015 оны 3 дугаар сард тус тус хүргүүлсэн.
Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.