Монголбанк

Буцах

Урт хугацаат репо арилжаагаар бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр

Төв банкны репо арилжаа нь банкны эзэмшиж буй үнэт цаасыг хугацааны эцэст урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэй худалдан авах хэлцэл юм. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2020 оны 4 дугаар сарын 29-ны өдрийн 32 дугаар тогтоол, Төв банкны тухай хуулийн 15 дугаар зүйл, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А-425 дугаар тушаалаар батлагдсан Репо арилжааны журмын 2.5 дахь заалт, Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоол, 11 дүгээр сарын 23-ны 6 дугаар тогтоолд тус тус үндэслэн уул уурхайн бус экспортын салбар, болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор 2 жилийн хугацаатай санхүүжилтийг 2020 оны 11 дүгээр сараас банкуудад олгож эхлээд байна.

Ингэхдээ хүртээмжтэй өсөлтийг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдол бүхий жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын салбарын өрийн дарамтыг бууруулах зорилгоор репо арилжааны эх үүсвэрийг уг салбарын аж ахуй нэгж, иргэнд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан нөхцөлийн дагуу олгож эхлэв. Дээрх өөрчлөлтийг хийснээр (i) Эдийн засгийн уналт, санхүүгийн зуучлалд бий болох сөрөг нөлөөллийг саармагжуулах; (ii) Эдийн засгийг төрөлжүүлэх, экспортлогч аж ахуй нэгжийг дэмжих; болон (iii) Санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах боломж бүрдлээ. Уг олгосон санхүүжилтээр банкууд зээл олгож, олгосон зээлээ үнэт цаасжуулан, Монголбанкнаас санхүүжилт авах схемийг зурагт дүрслэн харууллаа.

Зураг. Хэвийн зээлээр баталгаажсан үнэт цаасаар урт хугацаат санхүүжилт олгох схем

Хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ, хүү, хугацаа, зээл олгох салбарыг улирал бүр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар баталж байна.

Асуулт/Хариулт

1. Хөтөлбөрийн талаар нэгдсэн мэдээлэл хаанаас авах боломжтой вэ?

Монголбанкны цахим хуудаст репо арилжаа цэсээс хөтөлбөртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авах боломжтой. Үүнд уг хөтөлбөрийн хүрээнд гарсан Төв банкны репо арилжааны журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, хөтөлбөртэй холбоотой бусад мэдээлэл, мөн санал, гомдол хүлээн авах цэс байршсан.

2. Репо хөтөлбөрийн хүрээнд зээлдэгчид тавьж байгаа шалгуурын мэдээллийг хаанаас харж болох вэ?

Урт хугацаат репо арилжааны хэмжээ, нэмэлт нөхцөлд өөрчлөлт оруулах тухай” тушаалын хавсралтын дагуу зээлдэгчийн шалгуурыг тогтоож байна.

3. Хөтөлбөрт ямар салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээд хамрагдаж болох вэ?

Хөтөлбөрт дараах этгээд хамрагдах боломжтой. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасны дагуу буюу 200 хүртэл ажилтантай, 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой иргэн, аж ахуйн нэгж хамрагдах боломжтой (холбогдох хуулийг эндээс үзэх);
  • Уул уурхайн бус экспортын чиглэлтэй аж ахуй нэгж: Монголбанкны Ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 сарын 13-ны өдрийн А-30/1/28 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Монгол улсын төлбөрийн тэнцлийг боловсруулах аргачлалын 2.1.1, болон 2.1.2-д заасны дагуу гадаад улс руу (i) Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах; эсвэл (ii) Үйлчилгээ үзүүлэн валют дотоодод оруулдаг аж ахуй нэгж репо хөтөлбөрт хамрагдах боломжтой (холбогдох аргачлалыг эндээс үзэх);
  • Үндэсний статистикийн хорооноос 2019 онд баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ийн дагуу Боловсруулах үйлдвэрлэл, Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ; Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа; Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа; Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа; Урлаг, үзвэр, тоглоом, наадам зэрэг салбарт хамаарах аж ахуйн нэгж (холбогдох материалыг эндээс үзэх); Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А-89 тушаалаар дээрх салбарыг нэмсэн.
  • Үндэсний статистикийн хорооноос 2019 онд баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ийн дагуу Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар, үйлчилгээ ангилалд хамаарах 200 буюу түүнээс дээш тооны ажилтантай аж ахуйн нэгж; Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А-89 тушаалаар дээрх салбарыг нэмсэн.

“Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д дурдсан хөтөлбөрт хамаарах үйл ажиллагааны салбарын мэдээллийг Хүснэгт 1-7-д үзүүлэв.

4. Уул уурхайн бус экспортын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд хамрагдах уу? Хамрагдвал ямар салбарын аж ахуй нэгжүүд хамрагдах вэ?

Дээр дурдсанчлан уул уурхайн бус үйлчилгээ эрхлэн дотоодод валют оруулдаг салбарууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Жишээлбэл, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд аялал жуулчлал, зочид буудал, тээвэр, харилцаа холбоо, компьютер мэдээлэл, оюуны өмч ашиглах эрхийн гэх мэт үйлчилгээг гадаадын харилцагчдад үзүүлэн, валют дотоодод оруулдаг бол хамрагдах боломжтой.

5. Зээлдэгч уг хөтөлбөрт хамрагдвал хэдэн хувийн хүү төлөх вэ?

Зээлийн хүү: 10.5% (2021 оны 3 дугаар сарын 9-ний байдлаар)
Зээлийн хүү нь санхүүжилт авах үед мөрдөгдөж буй Монголбанкны репо арилжааны хүү дээр 4 нэгж хувийг нэмснээс ихгүй бөгөөд тогтмол байна. Өөрөөр хэлбэл, зээл олгогдсоноос хойш Бодлогын хүү өөрчлөгдөж, улмаар репо арилжааны хүү өөрчлөгдөх тохиолдолд өмнө нь олгосон зээлд хамаарахгүй. Жишээлбэл 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Монголбанкны репо арилжааны хүү жилийн 6.5% байгаа бөгөөд зээлдэгч 10.5%-иас ихгүй хүүтэйгээр шинээр зээл авах, өмнө авсан зээлийг дахин санхүүжүүлэх боломжтой.

6. Хөтөлбөрийн хүрээнд ямар хугацаатай шинэ зээл авах, зээлээ дахин санхүүжүүлэх боломжтой вэ?

Зээлийн хугацаа: 2 жилээс доошгүй
Монголбанкнаас банкуудад репо арилжаагаар 2 жилийн хугацаатай санхүүжилт олгож байна. Уг санхүүжилтээр банкууд 2 жилээс доошгүй хугацаатай зээлийг шинээр олгох, эсвэл зээл төлөгдөж дуусахад 2 жилээс доошгүй хугацаа үлдсэн зээлийг дахин санхүүжүүлж болно. Дахин санхүүжүүлэх зээлийн хувьд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж дээр дурдсан шаардлагад хугацааг нийцүүлэн сунгасан тохиолдолд шаардлага хангасан зээл гэж үзнэ.

7. Хөтөлбөрийн хүрээнд үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болох уу?

Монголбанкнаас тогтоосон шалгуурын дагуу зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас доошгүй хугацаанд чөлөөлөгдөх эрхтэй байхаар заасан.
Хүүгийн төлбөрийн хувьд хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийг үнэт цаасжуулан уг үнэт цаасыг банк эргээд эзэмших бөгөөд үнэт цаасны төлбөр нь зээлийн төлбөртэй уялдах тул хүүгийн төлбөрийг хойшлуулах боломжгүй.

8. Зээлийг хугацаанаас өмнө төлж барагдуулах хүсэлтэй тохиолдолд ямар нэгэн шаардлага, нөхцөл байдаг уу?

Зээлдэгч өөрийн хүсэлтээр зээлийн төлбөрийг урьдчилан төлөх эрхтэй.

9. Монголбанкнаас тавигдах шалгуурын 1-д “зээлийн хугацаанд ангилал буураагүй байх” гэж тусгасан байна. Жишээлбэл, Ковидтой холбоотой 2020 оны 6 дугаар сард ангилал буурсан боловч 2020 оны 8 дугаар сараас ангилал сайжирч хэвийн болсон зээлдэгч энэ шалгуурыг хангах уу?

Тийм. Өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлж байгаа тохиолдолд уг зээл нь Монголбанкны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу хэвийн буюу ангилал буураагүй зээл байх шаардлагатай. Монголбанкнаас Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш харилцагч банкандаа хүсэлт гарган хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчлөн, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, хэвийн ангилалтай зээлийн ангиллыг хэвээр үлдээх зохицуулалтыг мөрдүүлж байна. Иймд дээрх тохиолдолд шалгуур хангана гэж үзнэ. Шинээр зээл авах аж ахуйн нэгжийн хувьд уг заалт хамаарахгүй.

10. Монголбанкнаас тавигдах шалгуурын 10-д “Сүүлийн 6 сар үйл ажиллагаа эрхэлсэн байх” гэж тусгагдсан байна. Жишээлбэл Ковидтой холбоотой 2020 оны 6 сараас 2020 оны 9 сард үйл ажиллагаа зогссон боловч 2020 оны 11 сард үйл ажиллагаа явуулж байгаа бол шалгуурыг хангана гэж үзэх үү?

Аж ахуйн нэгжийн хувьд банкнаас санхүүжилт авахаас 6 сараас багагүй хугацааны өмнө үүсгэн байгуулагдсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тасралтгүй 6 сар үйл ажиллагаа эрхэлсэн байх албагүй. Иргэний хувьд мөн бизнесийн үйл ажиллагааг 6 сараас багагүй хугацааны өмнө эхэлсэн байх шаардлагатай бөгөөд тасралтгүй 6 сар үйл ажиллагаа эрхэлсэн байх албагүй.

11. Жилийн эцсийн тайлангаар шалгуур хангахгүй байсан боловч жилийн дундуур шалгуур хангасан бол шалгуур хангана гэж үзэх үү?

2 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн 2 жилийн эцсийн санхүүгийн тайланд үндэслэж шалгуурыг тооцно. Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойш хугацаанд гаргасан бүх санхүүгийн тайланд эсвэл эхлэлтийн балансд үндэслэн шалгуурыг тооцно.
Иргэний хувьд дээрхтэй ижил хугацааны санхүүгийн мэдээллийг тусгасан банкны дотоод тайлан болон бусад баримтад үндэслэн шалгуурыг тооцно.

12. Монголбанкны олон нийтэд ил тод мэдээлсэн шалгуураас өөр шалгуурыг банкуудаас нэмэлтээр тавьж байгаа юу?

Монголбанкнаас тавьсан шалгуур үзүүлэлт нь зээлдэгчийг тодорхойлох голлох үзүүлэлт боловч тухайн зээлдэгчийн эрсдэлийн түвшнээс шалтгаалан банк нь нэмэлт шаардлага тавьж болно.

13. Шугамын зээлийн бүтээгдэхүүнийг дахин санхүүжүүлэх боломжтой юу?

Боломжгүй. Шугамын зээлийн эргэн төлөлтийн дүн хэлбэлзэлтэй байдгаас шалтгаалан үнэт цаасжуулах боломжгүй тул хөтөлбөрт хамруулахгүй.

14. Шалгуурт тавигдсан зээлийн хэмжээний хувьд дахин санхүүжилт хийхдээ олгосон дүн хамаарахгүй, зөвхөн үлдэгдэл дүн нь хэмжээний шалгуурыг хангаж байвал болох уу?

Тийм. Зээлийн үлдэгдэл дүн нь хэмжээний шалгуурыг хангаж байгаа тохиолдолд дахин санхүүжилт хийж болно.

15. Санхүүгийн үзүүлэлтийг заавал татварын тайлангаар тооцох шаардлагатай юу? Ихэнх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын санхүүгийн байдлыг компанийн дотоод тайланд үндэслэн хийж байгаа. Банкны дотоод судалгаанд үндэслэн санхүүгийн харьцааг тооцох боломжтой юу?

Татварын тайлан болон санхүүгийн тайланд үндэслэнэ. Банкны дотоод судалгаагаар санхүүгийн харьцааг тооцож болно.

16. Репо санхүүжилтийн зээлд хамрагдсан харилцагч, өөрийн зээлийг Засгийн газрын хэрэгжүүлж буй “Ажлын байрыг хадгалах 3 хувийн зээл” рүү хөрвүүлэх эсвэл шинээр 3 хувийн зээл авах хүсэлт гаргах боломжтой юу?

Монголбанкнаас олгож буй репо санхүүжилтэд хамрагдсан зээлдэгч уг зээлийг ажлын байрыг дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээлд хөрвүүлэх боломжгүй.

17. Зээлийн батлан даалтын санд хамрагдсан зээлийг дахин санхүүжүүлэх, эсвэл шинэ зээлийг хамруулах боломжтой юу?

Аль ч тохиолдолд боломжтой.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.