Монголбанк

Буцах

Түгээмэл асуулт, хариулт

1. “Ажлын байрыг дэмжих” зээл авах хүсэлтээ аль банканд гаргах вэ?

Та өөрийн сонгосон аль нэг арилжааны банканд хандаж зээлийн хүсэлтээ гаргах боломжтой. Арилжааны банкууд зээлийн хүсэлтийг холбогдох баримт материалын хамт хүлээн авч судлан, зээл олголтыг хийж байна.

2. Энэхүү зээлийн нөхцөлийн талаар товч дурдана уу?

Аж ахуй нэгжид олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, иргэнд олгох зээлийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл (хамаарал бүхий этгээдэд олгосон зээлийг оруулж тооцно), зээлийн хугацаа 3 жил хүртэл, зээлийн хүү жилийн 3 хувь, сар бүр тогтмол дүнгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй байгаа.

3. Хамаарал бүхий этгээд гэж юуг ойлгох вэ?

“Хамаарал бүхий этгээд” гэж зээлдэгч аж ахуйн нэгжийн хувьцааны 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хүн, хуулийн этгээд, эсвэл зээлдэгч иргэний эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, төрөл садангийн хүнийг хэлнэ.

4. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хэдэн сар байх вэ?

Та зээлийн үндсэн төлбөрөөс 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой. Энэ талаар харилцагч банктайгаа харилцан тохиролцож, өөрийн бизнесийн онцлогт тааруулж зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргах нь зүйтэй.

5. “Ажлын байрыг дэмжих” зээлийг ямар зориулалтаар олгох вэ?

Зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэхэд энэхүү зээлийг зориулна. Мөн өмнө банкнаас авсан ижил зориулалттай зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулж болно.

6. Аж ахуй нэгжийн зээл хүсэгчид ямар шаардлага тавигдах вэ?

Аж ахуй нэгжийн зээл хүсэгчид дараах үндсэн шаардлагыг хангасан бол зээл авах хүсэлтээ дурын аль нэг банканд гаргах боломжтой. Үүнд:

  • a) Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • b) Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага;
  • c) Энэ заалтын 6 а-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Татварын ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно;

7. Иргэдийн хувьд зээл хүсэгчид ямар шаардлага тавигдах вэ?

Иргэдийн хувьд зээл хүсэгчид дараах үндсэн шаардлагыг хангасан бол зээл авах хүсэлтээ дурын аль нэг банканд гаргах боломжтой. Үүнд:

  • a) Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиараа худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг Монгол Улсын иргэн байх;
  • b) Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.

8. Банк болон Зээлийн батлан даалтын сан ямар хугацаанд зээлийг шийдвэрлэж өгөх вэ?

  • a) Банк зээлийн хүсэгчийн хүсэлтийг шаардлагтай бусад баримт бичгийн хамт бүрэн хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор зээлийн шаардлага хангасан эсэх, зээлийн зориулалт, зарцуулалтын төлөвлөгөө зэрэгт зээлийн судалгаа хийж, зээл олгох эсэх шийдвэрийг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ;
  • b) Банк зээл олгохоор шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай, зээлийн батлан даалт гаргуулах хүсэлттэй аж ахуй нэгжийн зээл хүссэн этгээдийн шийдвэрлэсэн зээлийн мэдээллийг ажлын 10 хоног тутмын ажлын сүүлийн өдрөөс өмнө Зээлийн батлан даалтын санд хүргүүлнэ;
  • c) Зээлийн батлан даалтын сан банкнаас ирүүлсэн холбогдох мэдээлэл, баримт бичигт үндэслэн ажлын 5 өдрийн дотор батлан даалт гаргах эсэхийг шийдвэрлэж банканд, банк уг шийдвэрийг хүлээн авсан өдөртөө зээл хүсэгчид мэдэгдэнэ.

9. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч барьцаа хөрөнгийн дутагдалтай тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана гэсэн. Ямар нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээд хамрагдах боломжтой вэ?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл)-т Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана.

10. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт хаанаас авах вэ? Уг тодорхойлолтыг банканд заавал бүрдүүлж өгөх шаардлагатай юу?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангасан бол заавал тодорхойлолт шаардахгүй.

11. Хэрэв Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч биш бол “Ажлын байрыг дэмжих” 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй гэж ойлгох уу?

Зээлд хамрагдах боломжтой. Тухайн зээл хүсэгч аж ахуйн нэгж нь банкнаас тогтоосон барьцаа хөрөнгийн шаардлага болон зээлийн бусад шаардлагыг хангасан тохиолдолд энэхүү зээлд хамрагдах боломжтой. Зээлийн батлан даалтын сангаас зөвхөн барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зээлийн батлан даалт гаргахаар байгаа.

12. “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг банкууд хэзээ хүртэл хүлээж авах вэ?

Энэхүү зээл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан олгогдоно.

13. Өмнө нь Зээлийн батлан даалтын сангаар зээл авсан байгаа. Энэ зээлээ дахин санхүүжүүлэх хэлбэрээр зээл авч болох уу?

Болно. Та дээр дурдсан ижил төрлийн зориулалттай зээлийг дахин санхүүжүүлэх боломжтой. Ингэхдээ та батлан даалтад тавигдах шаардлагыг хангасан бол Зээлийн батлан даалтын сангийн “Ажлын байрыг дэмжих” зээлийн батлан даалтад хамрагдаж болно.

14. Засгийн газраас танд олгох зээлийн хүүгийн дэмжлэгийг ямар нөхцөлд цуцлах вэ?

Зээлдэгч та зээлийн төлбөр (зээлийн үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, зээлийг бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд Засгийн газраас олгох зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, таны авсан жилийн 3 хувийн хүүтэй зээлийг тухайн банкны бизнесийн зээлийн хүүнд шилжүүлэхээр байгаа.

15. Хоршоо болон нөхөрлөл зээлд хамрагдаж болох эсэх?

Нөхөрлөл нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд тул зээлийн шаардлагад заасан "зээлдэгч"-д хамаарна. Хоршоо нь Хоршооны тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд тодорхойлсноор үйлдвэрлэл, үйлчилгээ, бэлтгэн нийлүүлэлтийн үйл ажиллагаа буюу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, ажил олгогч хоршоо энэ зээлд хамрагдах боломжтой.

16. Төрийн бус байгууллага зээлд хамрагдаж болох эсэх?

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуульд зааснаар батлан даалттай зээлийг төрийн бус байгууллагад олгож болохгүй. Мөн Төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус буюу бизнес-аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй тул хамрагдахгүй.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.