Ардын засгийн газар Орос улстай хамтран Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ийг 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байгуулж, улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн байна.
Улсын эрдэнэсийн нөөцийг арвижуулахад онцгой анхаарал тавьж ажилласны үр дүнд Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулгатай болж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Улсын банканд (хуучин нэрээр) "Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд"-ыг тусгаарлан байгуулсан.
1994 онд "Эрдэнэсийн сангийн тухай хууль" Улсын Их Хурлаар батлагдсан нь Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилж, түүний халдашгүй байдлыг баталгаажуулсан юм. Тус хуулийн хүрээнд Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг Монголбанк эрхлэн явуулж байна.