Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэн Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнгийн тухайд дотоод аудитын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүд сайжирч, тодорхой ахиц гарсан байна. Мөн хөндлөнгийн аудитын байгууллагаас Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланд өгсөн “хязгаарлалттай” дүгнэлт 2025 онд урьдчилсан байдлаар “өөрчлөлтгүй” дүгнэлт болж сайжирсан үзүүлэлттэй байна. Үүнээс гадна гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ өмнөх онд 96 хувь байсан бол тайлант хугацаанд 130 хувь болж өссөн нь эерэг үр дүн үзүүллээ.
Хяналтын зөвлөлийн орон тооны бус статустай холбоотой зохицуулалт, хууль, эрх зүйн орчны зарим хүндрэл, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд өнгөрсөн хугацаанд тодорхой ажиглагдсан. Иймд Монгол Улсын Их Хурлын 2003 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Монголбанкны хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг буюу холбогдох хууль тогтоомж, Олон улсын валютын сангаас 2022 онд гаргасан хамгаалалтын үнэлгээний тайланд тусгасан зөвлөмж, бусад улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулсан төслийг эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн батлуулах, мөн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг эрчимжүүлэхэд цаашид анхаарал хандуулахаар боллоо.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ