A-
A
A+

Н.Ургамалсувд: Инфляц 10.1 хувьд хүрч өссөний дийлэнх хэсгийг нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт бүрдүүлж байна

2026-05-14 14:03 | Мэдээ

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын инфляцын шинэ мэдээллийг танилцуулж, жилийн инфляц 10.1 хувьд хүрснийг зарлалаа. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс нэлээд өндөр үзүүлэлт болж байна. Тэгэхээр дөрөвдүгээр сарын эцсийн байдлаарх инфляцын 10.1 хувийн өсөлтийг та бүхэн юутай холбоотой гэж дүгнэж байна вэ?

Дөрөвдүгээр сард жилийн инфляц 10.1 хувь болж, өмнөх сараас 2.7 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэхүү өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг тайлбарлая.

Нэгдүгээрт, мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 11 хувиар, жилийн өмнөхөөс 38 орчим хувиар өссөн нь инфляц эрчимжихэд хамгийн их нөлөөллөө. Зөвхөн мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт дангаараа инфляцыг 1.3 нэгж хувиар нэмэгдүүлсэн.

Хоёрдугаарт, шатахууны үнийн өсөлт байна. Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор 4-р сард шатахууны дундаж үнэ 11 хувиар өсөж, жилийн өсөлт нь 17 орчим хувьд хүрсэн. Энэ нь инфляцыг жилийн дүнгээр нэг нэгж хувиар өсгөх нөлөө үзүүлсэн бол сарын өсөлтийн 0.7 нэгж хувийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, нийт 2.7 нэгж хувийн өсөлтийн 2 нэгж хувь нь мах болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Бусад бараа бүтээгдэхүүний тухайд, төмс, хүнсний ногооны үнэ мөн мэдэгдэхүйц өссөн. Ялангуяа төмсний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад, 88 гаруй хувиар өслөө. Мөн импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материал болон импортын хүнсний бүтээгдэхүүнүүд болох өндөг, тахианы мах, ургамлын тос зэрэг бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын үлдсэн хэсгийг тайлбарлаж байна.

Ерөнхийд нь дүгнэвэл, гуравдугаар сард 7.4 хувь буюу Төв банкны зорилтот түвшинд байсан инфляц дөрөвдүгээр сард огцом өсөхөд нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж хэлж болно.

Оны эцэст инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрэх боломжтой гэж үзэж байна уу. Ялангуяа олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан шатахууны үнийн эрсдэл үргэлжилж байгаа энэ үед оны эцсийн төлөвийг хэрхэн харж байна вэ?

Инфляцын цаашдын төлөвийг үнэлэхэд нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн үнийн өсөлт богино хугацааны эсвэл урт хугацааны нөлөөтэй эсэхийг тодорхойлох шаардлагатай. Мах, хүнсний ногооны үнийн өсөлт улирлын шинжтэй байна. Нийлүүлэлт нэмэгдэхтэй холбоотойгоор 6 дугаар сараас махны үнийн өсөлт саарч, наймдугаар сараас буурна гэсэн хүлээлттэй байна. Хүнсний ногооны үнэ ч мөн адил шинэ ургац гарснаар саарч, намрын саруудад буурах улирлын хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтийг түр зуурын шинжтэй гэж үзэж болно. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлого шууд нөлөөлөх боломжгүй байдаг. Иймээс дамжих нөлөөг нь нэмэгдүүлэхгүй байхад л анхаардаг.

Шатахууны үнийн тухайд, дэлхийн олон улс энэ өсөлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй нөхцөл байдалтай байна. Харин Монгол Улсын хувьд нийлүүлэлт тогтвортой байгаа нь давуу тал болж байна. Мөн Засгийн газар болон холбогдох яам, байгууллагуудын түвшинд үнийг тогтвортой хадгалах чиглэлээр тодорхой хэлэлцээрүүд хийгдсэн тул оны эцэс хүртэл дизель түлш болон АИ-92 шатахууны үнэ харьцангуй тогтвортой байна гэсэн хүлээлттэй байгаа.

Ерөнхийдөө оны хоёрдугаар хагаст инфляц саарах хандлага үргэлжилнэ гэж хүлээж байна. Өмнөх төсөөллөөр оны эцэст инфляц 8 хувьд ойртоно гэж тооцоолж байсан бол одоогийн байдлаар шатахууны үнийн өсөлтийн нөлөөг тусгахад инфляц нэг оронтой тоо рүү орох хэдий ч 8 хувиас өндөр гарах магадлалтай байна.

Инфляц 10.1 хувьд хүрсэнтэй холбоотойгоор Монголбанк ямар бодлогын арга хэмжээ авах вэ, мөн инфляцын хүлээлтийн талаар ямар үнэлгээ хийж байна вэ?

Одоогийн инфляцын өсөлт голчлон нийлүүлэлтийн шалтгаантай байгаа учраас мөнгөний бодлогын шууд хариу арга хэмжээ авах зохистой бус. Тэгэхээр бидний хамгийн анхаарч байгаа зүйл бол нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёр дахь үеийн нөлөө болон инфляцын хүлээлт юм.

Хоёрдугаар улирлын иргэдийн инфляцын хүлээлтийн судалгаагаар богино хугацааны хүлээлт 0.4 нэгж хувиар өсөж, 7.9 хувьтай гарсан. Энэ нь одоогийн инфляцын түвшнээс доогуур байгаа үзүүлэлт юм. Харин 12 сарын хугацаатай буюу урт хугацааны хүлээлт ердөө 0.2 нэгж хувиар өссөн бөгөөд харьцангуй тогтвортой хэвээр байна.

Өөрөөр хэлбэл, инфляцын хүлээлт тогтвортой байгаа нь эерэг үзүүлэлт юм. Мөн бодлогын хүү 12 хувь байгаа нь одоогийн инфляцаас өндөр, бодит бодлогын хүү эерэг, бодлогын төлөв харьцангуй чанга хадгалагдаж байна. Тиймээс Монголбанк бодлогын тодорхой орон зайтай байгаа гэж үзэж байна. Цаашид инфляцын хүлээлт болон хоёр дахь үеийн нөлөөг нарийвчлан ажиглаж байж бодлогын шийдвэрүүдээ гаргана.

Нийлүүлэлтийн хүчин зүйлсээс гадна төрийн албан хаагчдын цалингийн өсөлт зэрэг нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж байгаа. Энэ нөхцөлд Монголбанк хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээгээ хэрхэн үнэлж байна вэ?

Энэ оны нэгдүгээр сард Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өр, орлогын харьцааг чангаруулах шийдвэр гаргасан. Энэ нь төрийн байгууллагын цалингийн өсөлтөөс шалтгаалсан дотоод эрэлтийн өсөлтийн инфляц болон импортын өсөлтөд нөлөөлөх эрсдэлийг бууруулах зорилготой байсан.

Үүний үр дүнд оны эхнээс импортын өсөлт -3 хувьтай гарч, хэрэглээний зээлийн өсөлт 8-9 хувь хүртэл саарсан байна. Энэ нь эрэлтийн шалтгаантай инфляцыг тогтвортой барихад бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг харуулж байгаа юм.

Түүнчлэн Монголбанк гадаад валютын орж ирж буй урсгалыг мөнгөний бодлогын хүрээнд стерилизац хийж, төв банкны үнэт цаасанд байршуулан зах зээл дэх илүүдэл хөрвөх чадварыг шингээж байна. Ингэснээр дотоод эрэлтийг хэт хөөрөгдөх, улмаар инфляцын дарамт үүсэхээс сэргийлэх бодлогын зохицуулалт хийж байгаа гэсэн үг.

Хэдийгээр мөнгөний нийлүүлэлтийн өсөлт харьцангуй өндөр хэвээр байгаа ч нөгөө талдаа зээлийн өсөлт зохистой түвшинд хадгалагдаж байна. Тухайлбал, нийт зээлийн өсөлт 16-17 хувьд хүрч тогтворжсон бол хэрэглээний зээлийн өсөлт мөн саарч эхэлсэн. Харин бизнесийн зээл 20 орчим хувийн өсөлттэй байгаа нь эдийн засгийг дэмжих чиглэл рүү зээлийн бүтэц илүү зөв хэлбэрт шилжиж байгааг харуулж байна.

/Эх сурвалж: Блүүмбэрг ТВ/