Макро зохистой бодлогын шийдвэр, хүлээгдэж буй үр дүн
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар банкуудын гадаад зах зээлээс 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн үлдэгдлийн 25 хувьтай тэнцэх дүнг ЗБН тооцох эх үүсвэрт хамруулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, өмнө нь 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн үлдэгдлийг бүхэлд нь ЗБН-ийн сууриас хасаж тооцдог байсан бол цаашид 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шинээр татсан энэ төрлийн эх үүсвэрийн үлдэгдлийн 75 хувийг нь ЗБН тооцох сууриас хасаж, үлдэх 25 хувьд нь ЗБН тооцохоор болж байна. Жишээлбэл, 100 ам.долларын дээрх төрлийн гадаад эх үүсвэрийн үлдэгдэл байгаа тохиолдолд үүнд хамаарах ЗБН-ийг 25 ам.доллароос тооцох бөгөөд үүний 19 хувь буюу 4.75 ам.долларыг ЗБН хэлбэрээр байршуулна. Түүнчлэн, ЗБН-ийн хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд төгрөгийн эх үүсвэрт мөрдөж буй 14 хувь, гадаад валютын эх үүсвэрт мөрдөж буй 19 хувийн шаардлага хэвээр хадгалагдаж байгааг онцлох нь зүйтэй.
Хөгжиж буй орнуудын хувьд балансаас үүдэлтэй эмзэг байдалд илүү анхаарал хандуулах шаардлагатайг олон улсад хийгдсэн цөөнгүй судалгааны ажлууд батлан харуулдаг (Mathisen & Pellechio, 2006). Тодруулбал, банкны актив, пассив дахь валютын болон хугацааны зөрүү хуримтлагдан нэмэгдэх нь эмзэг байдал гүнзгийрч буйг илтгэнэ. Ийм нөхцөлд гэнэтийн томоохон сөрөг шок үүсвэл уг тэнцвэргүй байдал санхүүгийн сувгаар дамжин системийн эрсдэлийг нэмэгдүүлж, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой.
Мөн сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад эх үүсвэрийн эзлэх хувь өсөж, улмаар дотоодын зээлийг банкны хамгийн тогтвортой эх үүсвэрт тооцогдох иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламжаас гадна гадаад зээл, бондын эх үүсвэрээр санхүүжүүлэх хандлага нэмэгдэж байна. Тухайлбал, гадаад зах зээлээс татсан бонд болон зээлийн нийлбэр дүн нь банкны салбарын нийт эх үүсвэрийн 19 орчим хувийг бүрдүүлж, банкны салбарын зээл ба хадгаламжийн харьцаа 138 орчим хувьд хүрээд байна.
Иймд, гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа өнөөгийн нөхцөлд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, мөн банкны салбарын актив, пассивын хугацааны зөрүүг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн эдийн засгийн төлөвт тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд гадаад санхүүжилтийн зардал, нөхцөл богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй. Гэвч нөгөө талаас, Монгол Улсын банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахаар байна. Түүнчлэн, иргэд банкуудаас өндөр дүнтэй зээл давхардуулан авахыг хязгаарласнаар хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжиж, өнгөрсөн дөрвөн сарын турш анхаарал хандуулах зээлийн хувь буурчээ.
Энэхүү бодлогын арга хэмжээ нь санхүүгийн салбарт эмзэг байдал хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх, банкуудын богино болон дунд хугацаатай гадаад эх үүсвэр татах сэдлийг бууруулах, илүү урт хугацаатай, тогтвортой эх үүсвэр татахыг дэмжсэн, банкны актив болон пассивын хугацааны нийцтэй байдлыг сайжруулахад чиглэсэн шийдвэр болж байна. Цаашид дунд болон урт хугацаанд банкуудын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийн дарамтыг бууруулах, санхүүжилтийн бүтцийг илүү тогтвортой, эмзэг байдал багатай чиглэлд өөрчлөх, улмаар банкны системийн хөрвөх чадварыг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-295 дугаар тушаалаар баталсан “Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ын дагуу ЗБН-ийн суурийг банкны тайлан тэнцэлд тусгагдсан бусдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн үлдэгдэлд үндэслэн тооцдог.
Тодруулбал, банкны нийт татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн үлдэгдлээс ЗБН тооцоход хамаарахгүй эх үүсвэр болон ЗБН-ийн сууриас хасаж тооцохоор журамд заасан эх үүсвэрүүдийг хасаж, үлдэх дүнгээр ЗБН-ийн суурийг тодорхойлдог. Улмаар банк тус бүрийн ЗБН-ийн хэмжээг тухайн банкны ЗБН-ийн суурь болон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тогтоосон ЗБН-ийн хувь хэмжээг үржүүлэн тооцдог.
ЗБН-ийн хэмжээ = ЗБН-ийн суурь * ЗБН-ийн хувь хэмжээ
ЗБН-ийн хувь хэмжээг банкны эх үүсвэрийн төрөл болон хугацаанаас хамаарч ялгаатай тогтоож болдог. Тухайлбал, төрлийн хувьд Монголбанкны зүгээс банкуудад төгрөгийн 14 хувийг, гадаад валютын 19 хувийг бэлэн нөөц хэлбэрээр заавал байлгах шаардлага тавьж байна.