Монголбанк Mастеркарт байгууллагатай хамтран сургалт зохион байгууллаа

Сүүлийн жилүүдэд блокчейн технологид суурилсан стэйблкойнийг крипто хөрөнгийн төлбөр тооцоонд ихээхэн ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор төлбөрийн хэрэгсэл болгон хөгжүүлэхэд Олон улсын Төв банк, санхүүгийн байгууллагууд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ чиг хандлагатай уялдуулан Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл”-д Стэйблкойнийн талаар судалж, бодлогын чиглэлийг тодорхойлон ажиллахаар тусгасаны дагуу Олон улсын томоохон байгууллагууд болох Виза, Мастеркарт байгууллагуудтай хамтран стэйблкойнийг идэвхтэй судалж байна. Тэгвэл энэ ажлын хүрээнд Монголбанкнаас Mастеркарт байгууллагатай хамтран 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нийт төлбөрийн системийн оролцогчдоос 50 гаруй төлөөллийг хамруулан "Дижитал хөрөнгө болон стэйблкойн" сэдэвт сургалтыг Төв банк дээр зохион байгууллаа. Сургалтаар дэвшилтэд технологид суурилсан төлбөрийн хэрэгслийг хэрхэн шинээр нэвтрүүлэх, тэр дундаа стэйблкойнийн талаарх Олон улсын туршлага, технологи, давуу талууд болон манай улсад стэйблкойнийг нэвтрүүлэх боломж зэрэг өргөн сэдвийн хүрээнд Мастеркарт байгууллагын төлөөлөгчид дэлгэрэнгүй танилцуулж, асуулт хариултыг нээлттэй хэлэлцэж, санал солилцлоо.
Олон улсын судалгааны үр дүн, мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар стэйблкойн нь баталгааныхаа хэлбэрээс хамаарч криптогоор, фиат буюу бодит мөнгөн хөрөнгөөр болон алгоритмаар нийлүүлэлтийг зохицуулдаг гэсэн 3 төрөлтэй байна. Манай улсын хувьд дээрх төрлүүдээс фиат мөнгө (бодит мөнгөн хөрөнгөөр)-өөр 100 хувь баталгаажсан ханшийн ямар нэгэн савлагаагүй, төгрөгтэй 1:1 ханшаар чөлөөтэй хөрвөдөг харьцангуй эрсдэл багатай стэйблкойнийг төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн зөвшөөрөх талаар нарийвчлан судлахаар ажиллаж байна.