Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
Өнөөдөр "Future of Finance & Professional Leadership 2026" Олон улсын хурал болж байна. Санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, манлайллын чиглэлээр ажиллаж буй Үндэсний болон Олон улсын эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн энэхүү Олон улсын арга хэмжээний үеэр Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Х.Анхсүрэн, “Олон улсад мэргэшсэн Монголын нягтлан бодогчдын АМИРА” нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Г.Наранзул нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, албан ёсоор гарын үсэг зурлаа.

Талууд санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, олон улсын шилдэг туршлага, стандартыг нэвтрүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Цаашид талууд хамтарсан сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, олон улсын экспертүүдийн оролцоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.