Хотын ногоон байгууламжид экологийн боловсрол, зөв төлөвлөлт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Тэрбум мод” сангаас “Хотын ногоон байгууламжийн сайн туршлагууд” сэдэвт салбар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Салбар хуралдааныг Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нээж үг хэлсэн бөгөөд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай бодлого, сайн туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар цохон тэмдэглэв.

Тус хэлэлцүүлгээр хотын ногоон байгууламжид хийх урт хугацааны хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг нь экологийн боловсрол гэдгийг онцолж, хүүхдэд бага наснаас нь байгаль орчноо хамгаалах мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн ногоон байгууламжийг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлж, тухайн орчны хөрс, уур амьсгалд тохирсон, урт настай мод, ургамлыг сонгон тарихын зэрэгцээ арчилгаа, хамгаалалтын зардлыг анхнаас нь төлөвлөх шаардлагатай талаар санал дэвшүүлсэн юм.


Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, ялангуяа нүүрстөрөгчийн ялгаралт өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн ногоон байгууламжийн төлөвлөлт, байгуулалт, арчилгаа, хамгаалалтыг цогцоор зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар байр сууриа илэрхийлцгээв.



Салбар хуралдаанаар дэвшүүлсэн санал, сайн туршлагыг хотын бодлого, төлөвлөлттэй уялдуулж, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь ногоон, тогтвортой хотыг хөгжүүлэхэд чухал болохыг оролцогчид онцоллоо.