A-
A
A+

“Монгол-Британийн хамтын ажиллагаа 60 жилд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2024-01-18 12:01 | Мэдээ

Монголбанк, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Соёлын яам, ИБУИНХУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Монгол-Британийн хамтын ажиллагаа 60 жилд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2024.01.18/ зохион байгууллаа. 

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэх эрхт Элчин сайд Фиона Блайт, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар үг хэлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын Даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын даргын илгээлтийг зочдод танилцуулж, эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд эдүгээ түүхт 60 жилийн ой тохиож буй энэ үед хоёр улс эрдэс баялаг, дэд бүтэц, соёл, банк санхүү зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Манай улсын хувьд тус улсад хийж буй экспортын дийлэнх хэсгийг сүлжмэл эдлэл, мал амьтны самнасан үс, хялгас эзэлж байгаа бол Их Британиас хийгдэж буй импортод төмөр замын бэхлэх, холбох зориулалттай металл хийц, эд анги, ликёр, виски, суудлын автомашин өндөр хувийг эзэлдэг байна. Их Британиас Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 1 тэрбум 54 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь уул уурхай, олборлох салбарт ногдож байгаа юм. Мөн цаашид тус улсаас хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал нэмэгдэх хандлагатай байгааг оролцогчид онцолж байлаа. 

Эрдэм шинжилгээний хурлын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны тойм, өнөөгийн нөхцөл байдал, мега төслүүдийн хүрээнд хамтран ажиллах боломж, банкны салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монголбанкнаас санаачлан өмнө нь “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй”, “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд”, "Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд", "Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд", "Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурал"-уудыг тус тус зохион байгуулж байсан юм. Дээрх Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд судлаачдын байр суурь, санал зөвлөмжүүдийг сонсох, улмаар цаашдын төрийн бодлогод тусгахад хувь нэмэрээ оруулж байдгаараа өндөр ач холбогдолтой юм.