Монголбанк

Буцах

Мэндчилгээ

Огноо: 2018/12/28

Эрхэм хүндэт Та бүхэнд айлчлан ирж буй 2019 онд эрүүл энх, эрч хүчтэй, ирмүүн их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөж,  Шинэ жилийн мэнд дэвшүүлье!

2018 он эдийн засгийн сэргэлт үргэлжлэхийн зэрэгцээ банк санхүүгийн секторт шинэчлэл хийгдсэн реформын жил боллоо. Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүллээ. Үр дүнд нь иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн өртөг буурч, бизнесийн зээл олголт нэмэгдэн, хувийн хөрөнгө оруулалт идэвхжсэн бөгөөд энэ нь эдийн засагт бий болсон эерэг үр дүнг бэхжүүлэхэд чухал алхам байв. Эдийн засгийн гадаад орчны харьцангуй таатай байдал үргэлжилсэн энэ цаг үед бодлогын сахилга бат хадгалагдаж, хөрөнгө оруулагчдын итгэл дээшилж, улсын зээлжих зэрэглэл ч өсөв. Түүнчлэн, банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль тэргүүтэй эрх зүйн цогц шинэчлэл хийгдэж эхэлсэн нь 2018 оны гол онцлог байлаа. Төв банк сайн засаглалын элементүүдийг нэвтрүүлэн Мөнгөний бодлогын хороогоор бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болсны зэрэгцээ макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болов. Ингэснээр мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, санхүүгийн секторт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх боломж дээшилж байна. Мөн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх эхлэл тавигдлаа. Ингэснээр бодит секторт хэрэгцээт санхүүжилтийг нийлүүлдэг банкны систем илүү эрүүл байж, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, эдийн засаг илүү тогтвортой байна гэдэг итгэлийг хадгалахад чухал алхам болов. Валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсэн нь төгрөгт итгэх итгэлийг хадгалах, цаашид хүлээгдэж буй эдийн засгийн эрсдэлүүдийг даван туулахад чухал байх болно. Хэдийгээр эдийн засгийн сэргэлт, гадаад болон дотоод зарим шокоос үүдэлтэй төлбөрийн тэнцэл дэх дарамт нь оны хоёрдугаар хагаст төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлсэн ч, Монголбанк валютын зах дээрх оролцоо болон мөнгөний бодлогын арга хэрэгслээр эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй богино хугацааны огцом савлагааг зах зээлд үүсэхээс сэргийлж ажилласнаар оны эцэст төгрөгийн ханш тогтворжиж байна. 2018 оныг дүгнэхэд, эдийн засагт тулгарч байсан олон сорилтуудыг амжилттай даван туулж, эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлсэн амжилттай жил байв. Ирэх 2019 оны хувьд Төв банкны бодлого нь эдийн засгийн болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг улам бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг хөтлөхөд чиглэх болно.

Монгол улсын минь, түмэн олны минь заяа тэгш дүүрэн байх болтугай!

       

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.