Монголбанк

Буцах

Б.Одонтунгалаг: Эдийн засаг өсөх нөхцөлийг мөнгөний бодлого бүрдүүлсэн

Огноо: 2019/04/17

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.

Монголбанк сүүлийн жилүүдэд ил тод нээлттэй байдлаа хангахад их анхаарах болжээ. Үүний ач холбогдол чухам юу болох талаар юуны түрүүнд сонирхож байна.

- Ер нь аливаа эрсдэл дараа нь дахиж алдах эрхгүй сургамжийг өгдөг шүү дээ. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралууд Төв банкуудад ил тод нээлттэй байх шаардлагад сургасан.  Одоо аль ч улсын Төв банк нээлттэй бодлого баримтлах олон нийттэй харилцах стратегитай ажилладаг. Монголбанк таны хэлснээр гурван жилийн өмнөөс дэлхийн Төв банкуудын жишигт хүрч хөгжихийн тулд яг л энэ зарчмыг баримталж, өөрийн хууль болон Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ зорилт болгон тусгаад хэрэгжүүлж байна. Ингэснээр ямар ач холбогдолтой вэ гэхээр төв банкинд итгэх олон нийтийн итгэл сэргэж, энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлдэг. Үндсэндээ бол Төв банкны хараат бус, бие даасан байдал хангагдахад чухал нөлөөтэй. Олон нийт Төв банкны тухай зөв ойлголттой болсноор аливаа бодлогын алдаанаас сэргийлнэ гэж үздэг.  Тиймээс Монголбанк өмнөх алдаагаа давталгүй, харин ч эсэргээрээ 2012-2016 онд хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг бууруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж,  үр дүнд нь алдагдлаа 1.8 их наяд төгрөгт хүргээд байна. Алдагдлаа бууруулах нь мөнгөний бодлогын орон зайг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Яагаад ийм алдагадалд хүрсэн талаар тайлбарлана уу?

- Тухайлбал, 2016 оны 3-р улиралд эдийн засаг 1.4% агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ эсэргээрээ 0.8%-аар суларч, дифляцитай болсон. Дефляцируу орсноор худалдан авалт буурч, бизнесийнхний орлогод сөргөөр нөлөөлж, олон компаниуд хаалгаа барьсан. Улмаар ажилгүйдлийн түвшин 2016 оны эцэст 10%-иар  нэмэгдсэн нь  2009 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүрсэн өсөлт байсан. Нөгөө талаар бизнесийн зээл 3.5 их наяд төгрөгөөр буурч байлаа шүү дээ. Тэгэхээр дефляци гэдэг нь таатай үзэгдэл биш гэдэг нь эндээс ойлгогдож байна. Үүний гол үндэс нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох түүхий эд, зэс, нүүрсний үнэ хүчтэй унаж, нөгөө талаас бодлогын алдаанаас улбаатайгаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татран, зээлжих зэрэглэл буурсанаас үүдэлтэй. Цаашлаад, Монгол Улсад орж ирэх валютын урсгал татарснаар төлбөрийн тэнцлийн алдагдал 232.1 сая ам.долларт хүрч, үнэ тогтворжуулах гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байсан нь төгрөгийн нийлүүлэлтийг 7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн, валютын ханшийг тогтворгүй болгосон. Ханшийг барьж тогтоохын тулд Төв банк 2012-оос 2016 оны хооронд нийт 7.3 тэрбум ам.долларыг зах руу нийлүүлсэн байдаг.

Хэрэв байдал удаан үргэлжилсэн бол өдийд ямар байдалтай байх байсан бол?

- Ер нь бол манай улс өмнө нь авсан зээл, санхүүжилтүүдээ эргэн төлөхөд хүндрэл учирч, дахин санхүүжүүлж чадахгүй дефолтод орох аюулд орсон байсан. Хэрэв дефолтод орсон бол манай улсын эдийн засаг бүхлээрээ хязгаарлалтад орж, хүчтэй агшин 10 жилээр ухрах эрсдэлтэй байсан гэж үздэг. Цаашлаад Монголбанк зайлшгүй нөхцөлд л ашиглах зорилготой Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийн дуусах хугацаа тулж ирээд байсан боловч, интервенц хийхэд ашигласан энэ мөнгө сох дутсанаар, төлбөрийн өөр нэг дарамтад орсон. Харин олон талт хэлэлцээрүүдийн үр дүнд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжихээр болж, эдийн засагт итгэх итгэл сэргэснээр, олон хүндрэлийг даван туулж, өнөөдөр эерэг өөрчлөлтүүдийг авчираад байна. Одоо бол эдийн засгийн өсөлт 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.9%-д хүрлээ. Хоёрхон жилийн дотор эдийн засгаа сэргээж чадсан нь маш том амжилт юм. Энэ амжилтыг бий болгоход Монголбанкны оруулсан нөлөө их.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанкнаас урт хугацааны шийдэлд хүрэх бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа нь тодорхой харагдаж байна л даа. Хууль эрх зүйн орчны шинэчлэлтийг хийж байна. Мөнгөний бодлогын үр өгөөжийг нэмэгдүүлэх нэлээд эрс шийдвэрийг ч гаргалаа шүү дээ.

- Тиймээ. Ялангуяа, эдийн засгийн өөрчлөлтийг дунд, урт хугацаанд тооцоолж, бодлогын хүүг бууруулах болон заавал байлгах нөөц зэрэг бусад бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах замаар санхүүжилтийн өртгийг бууруулснаар аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн өсөлт 2019 оны 2-р сарын байпдаар 16.1% хүрлээ. Энэ бол иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд зорьж буй бодлогын үр дүн юм. Нөгөө талаас Олон Улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөн, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэн, мөн Оюу Толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилсэн зэрэг нь валютын урсгалыг нэмэгдүүлсэн. Ингэснээр бусад салбарт дэмжлэг болж, ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 6.6%-д хүрч буураад байна.

Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг дэмжихдээ инфляцийг зорилтод түвшинд тогтворжуулахаар ажилласан. Үр дүнд нь инфляци 2019 оны 02-р сард улсын хэмжээнд 6.7%-д хүрч 2018 оны 12-р сарын үзүүлэлтээс 1.4 нэгж хувиар буурсан бол Улаанбаатар хотын инфляци 7.5%-тай байна. Энэ бол суурь инфляцтайгаа нийцтэй бөгөөд зорилтод түвшиндөө хадгалагдаж байгаа үзүүлэлт юм. Ер нь ирээдүйд чиглэсэн Мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахыг зорьдог ба  2020 оноос  инфляцийн зорилтыг 6% болгон бууруулах чиглэлд ажиллаж байна. Бас нэмж хэлэхэд, 2019 оны 2-р сард нийт хадгаламжийн үлдэгдэл 13.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 17.6 хувиар өсөөд байна. Иргэдийн хуримтлал өссөнөөр эдийн засгийн эрсдэл даах чадвар нэмэгддэг. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэх боломжийг бүрдүүлдэг.

Ярилцсанд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.