Монголбанк

Буцах

Урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа

Огноо: 2021/02/22

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон  зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр  ашиглаад байна.

Мөнгөний бодлогын хорооноос 2021 оны 1 дүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо.

Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг  3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв.

Цаашид банкууд Монголбанкнаас авсан санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн А-58 дугаар тушаалаар батлагдсан шалгуурын дагуу 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 10.5%-ийн хүүтэй зээлийг шинээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэх юм.

Иймд Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид дээрх нэр бүхий банкуудад хандан шинээр зээл авах, зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтой.

Монголбанкнаас баталсан зээлийн шалгуур нөхцөлтэй энд дарж танилцана уу.

Урт хугацаат репо арилжааны явцын мэдээллийг эндээс үзнэ үү.

 

МОНГОЛБАНК

________о0о________

Архив үзэх Ярилцлага, нийтлэл

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.