Монголбанк

Буцах

Монголбанкны товч түүх

1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагджээ. Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид 4 байжээ. Энэ бол Монголбанкны суурь тавигдсан түүхт үйл явдал байв.

1920-иод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болж байлаа. Тэр үед Монголбанкны бүх ажилчдын 20 хүрэхгүй хувийг монголчууд бүрдүүлж байсан тоо баримт бий.



1950-иад он гэхэд Монголбанкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг, томоохон хот сууринд өөрийн салбартай болж, ЗХУ-ын мэргэжилтнүүдийн харамгүй тусламжийн ачаар үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж нийт ажилчдын 98 хувийг эзлэх болов. ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд монголын талд шилжүүлэн өгснөөр Монголбанк БНМАУ-ын Улсын банк болон зохион байгуулагджээ.

1950-иас 1991 он хүртэл Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байсан бөгөөд энэ хугацаанд 400 гаруй санхүү банкны тэргүүний ажилтан төржээ.

1990 онд улс төр, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийгдэж 1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.

Банкны 2 шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш өдгөөг хүртэл арилжааны 31 банк байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаас 17 банк нь өөрийн үйл ажиллагааны алдаа, эндэгдлээс шалтгаалан санхүү, төлбөрийн чадваргүй болон дампуурч, дүрмийн санг тогтоосон хэмжээнд хүргээгүй, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоож Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Шилжилтийн хүнд хэцүү үед Монголбанкийг толгойлох, 2 шатлалтай банкны тогтолцоог бэхжүүлэх хүндхэн үүрэг хариуцлага Н.Жаргалсайхан, Д.Моломжамц, Ж.Үнэнбат, О.Чулуунбат, А.Батсүх, Л.Пүрэвдорж нарт оногдож байжээ. Тэд банкны системийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд барих, төгрөгийн ханшийг хамгаалах, инфляцийн түвшинг тууштай бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих тал дээр анхаарал тавин, хүчин чармайлт гарган ажиллаж байв.

2016 оны байдлаар нийт 14 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төрийн өмчийн /Төрийн банк/ нэг банк байна. Эдгээр банкны 1386 салбар, нэгжээр дамжуулан Монгол Улсын бүх аймаг, хот, сум, суурин газруудад үйлчилж байгаа бөгөөд тэдгээрт 13,564 ажиллагсад ажиллаж манай улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд банкны үйлчилгээг хүргэж байна.


Монголбанкны дэлгэрэнгүй түүх

Он цагийн хэлхээс (Монголбанк)

  • 1260 - Манай улс дэлхийд анх удаа цаасан мөнгө гаргасан
  • 1924 - Худалдаа Аж Үйлдвэрийн Банк байгуулагдсан
  • 1925 - Үндэсний валютыг төгрөгөөр тогтоосон
  • 1926 - Цагаан мөнгөн зоос анх гүйлгээнд гаргасан
  • 1931 - Урт хугацаатай зээл өгч эхлэсэн
  • 1940 - Улсын төсөв Монголбанкаар дамжих болсон
  • 1946 - Зээлийн барьцаа эхэлсэн
  • 1954 - Монголбанк Монгол улсын Засгийн газрын мэдэлд бүрэн шилжсэн
  • 1963 - Монгол улс олон талт тооцооны системд шилжсэн
  • 1991 - 2 шатлалт банкны тогтолцоог нэвтрүүлсэн
  • 1992 - Клирингийн тооцоо эхэлсэн
  • 1993 - Монголбанк хяналт шалгалтын ерөнхий чиглэлийг баталсан
  • 1994 - Нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн
  • 1996 - Арилжааны банкуудын хямрал болж Ард, Даатгал зэрэг банкууд дампуурсан
  • 2001 - ББСБ байгуулагдаж, банк санхүүгийн салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн
  • 2009 - Санхүүгийн хямрал болсон
  • 2011 - “Төлбөрийн картын журам”-ыг шинэчлэн батлав
  • 2011 - Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль батлагдав
  • 2011 - Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөг байхаар тогтоов
  • 2012 - “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хууль батлагдав
  • 2012 - Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав
  • 2013 - Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдав
  • 2014 - Засгийн газрын 121 тоот тогтоолоор Банкны салбарын ажилтны өдрийг жил бүрийн 06 дугаар сарын 02-ны өдөр тэмдэглэдэг болсон
  • 2015 - Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбумаас 50 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоов

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.