Монголбанк

Буцах

Монгол Улс ФАТФ-ын хяналтын жагсаалтаас гарлаа

2014 оны 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Францын Парис хотноо мөнгө угаах, терроризм, цөмийн зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-ын ээлжит чуулган чуулж өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулганаар тус байгууллагаас Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны стратегийн дутагдлуудаа зассан явдлыг өндрөөр үнэлж, өөрийн хяналтаас гаргах тухай шийдвэрийг гаргасан талаар албан ёсны цахим хуудастаа (http://www.fatf-gafi.org/documents/news/fatf-compliance-june-2014.html) мэдээлсэн байна.

Манай улс 2011 оноос эхлэн хяналтад орсон бөгөөд энэ хяналтаас гарахын тул олон ажлыг хийж амаргүй зам туулсан болно. ФАТФ-ын хяналтаас одоог хүртэл гарч чадаагүй улс орнууд байсаар байгаа нь энэ хяналтаас гарахад нэлээд бэрхшээлтэй үйл явц байсныг илтгэж байгаа юм.

Монгол Улстай хамт Балба, Киргизстан, Танзани, Кени улс жагсаалтаас гарлаа.

ФАТФ нь мөнгө угаах, терроризм, цөмийн зэвсгийг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулж, дэлхийн бодлого, стандартыг гаргадаг олон улсын байгууллага билээ. Энэ байгууллагаас гаргасан зөвлөмжийг дэлхийн бүх банк, санхүүгийн байгууллага, санхүү, гааль, хилийн зохицуулагч байгууллага дагадаг бөгөөд тус байгууллагаас зарласан жагсаалтад орсон улс орнуудтай холбоотой банк, санхүү, бизнес, зээлийн харилцаанд холбогдох хориг арга хэмжээг авдаг.

ФАТФ өөрийн цахим хуудаст манай улсын тухай эерэгээр зарлаж байгаа нь тус улсын нэр хүндийг өргөөд зогсохгүй олон улстай харилцах цаашдын бизнес, эдийн засгийн харилцаа, үйл ажиллагаанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлаар ямар нэгэн доголдол, асуудал үүсэхгүй байх нөхцлийг бүрэн бүрдүүлэх юм.

Энэ жагсаалтаас гарснаар манай улсын санхүүгийн систем дэлхийн санхүүгийн системээс тусгаарлагдах эрсдэлээс бүрэн ангижирч, найдвартай, тогтвортой ажиллах үндэс сууриа хэвээр хадгалж үлдэхийн зэрэгцээ эдийн засгийн аюулгүй бүс буюу цагаан бүсэд тооцогдох болно.

Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан өнөөгийн нөхцөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татах таатай, аюулгүй орчинг бүрдүүлж байгаа төдийгүй манай санхүү, эдийн засгийн тогтолцооны чухал хамгаалалт болж байгаагаар онцлог юм.

Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын нийтлэг стандартад нийцсэн хууль, эрх зүйн орчинтой болж, НҮБ-ын гишүүн орны хувьд түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлснээр дэлхий дахинд тулгарч буй аюул заналхийлэл болсон терроризм, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх улс төрийн өндөр хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрлөө.

 

 

Санхүүгийн мэдээллийн алба

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.