A-
A
A+

Мөнгөний бодлого, судалгааны газар

Газрын захирал Н.УРГАМАЛСУВД

Мөнгөний бодлого, судалгааны газар нь макро эдийн засгийн тогтвортой байдал, дотоод үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эдийн засгийн шинжилгээ, судалгаа, төсөөлөл хийх, мөнгөний бодлогыг боловсруулах, Монгол Улсын мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлэх, их өгөгдлийн системийг хөгжүүлж, удирдах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.

I. МӨНГӨНИЙ БОДЛОГО, ТӨСӨӨЛЛИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтэс нь мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулах; төсөөлөл бодлогын шинжилгээг зохион байгуулах; мөнгөний бодлогын хуралд шаардлагатай төсөөлөл, шинжилгээ, танилцуулга боловсруулах; дунд хугацааны макро эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээ хийх; эдийн засгийн загварчлал, төсөөлөл, шинжилгээг боловсронгуй болгох; эдийн засгийн, инфляцын хүлээлтийн судалгааг зохион байгуулах үндсэн үүрэг бүхий дараах чиг үүрэгтэй байна.

Хэлтсийн үндсэн чиг үүрэг нь:

  • Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг нэгтгэн боловсруулах; мөнгөний бодлогын хэрэгжилтийг хангах, тайлагнах
  • Эдийн засгийн дунд хугацааны төлөв, түүнийг илтгэх гол үзүүлэлтүүд (инфляц, эдийн засгийн өсөлт, мөнгөний нийлүүлэлт гэх мэт)-ийн төсөөлөл, бодлогын шинжилгээнд үндэслэн мөнгөний бодлогын талаар авах арга хэмжээний саналыг боловсруулж, Монголбанкны удирдлага, Мөнгөний бодлогын хороонд танилцуулах;
  • Мөнгөний бодлогын тайлангийн холбогдох хэсгийг боловсруулах, бэлтгэх, үүнд ханш, хүү, үл хөдлөх хөрөнгө, инфляц болон эдийн засгийн өсөлтийн төлөв, инфляцын төсөөлөлд нөлөөлж болзошгүй эрсдэлт хүчин зүйл, бодлогын шийдвэрийн үндэслэл, тойм;
  • Эдийн засгийн судалгаа, шинжилгээ, төсөөлөлд ашиглаж буй загваруудыг сайжруулах, шинээр хөгжүүлэх;
  • Мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд тайлбарлах мэдэгдэл, илтгэл, ярилцлага, тайлан  зэргийг боловсруулах;
  • Төсвийн болон гадаад шок, банкны зээлийн болон уур амьсгалын эрсдэлийн  хувилбар шинжилгээ боловсруулж, тэдгээрийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөллийг тооцон, Монголбанкны холбогдох газар, нэгжүүд болон Засгийн газарт танилцуулах;
  • Инфляцын хүлээлт, банкны салбарын үйл ажиллагааны төлөв, бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, шинжээчдийн эдийн засгийн төсөөлөл зэрэг эдийн засагт оролцогч талуудын нөхцөл байдал, хүлээлтийг тодорхойлох зорилгоор хэрэглэгч, үйлдвэрлэгч, судлаачид, банкуудын дунд шаардлагатай эдийн засгийн болон цаг үеийн түүвэр судалгааг зохион байгуулж, үр дүнг мөнгөний бодлогын шинжилгээнд ашиглах, удирдлагад тайлагнах, олон нийтэд мэдээлэх;
  • Төрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн Монгол Улсын төсөв болон эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичигт санал өгөх;
  • Мөнгөний бодлогын хорооны нарийн бичгийн ажлын албаны үүргийг гүйцэтгэх, МБХ-ны хурлыг зохион байгуулах, хурлын хураангуй тэмдэглэлийг бичих, цахим хуудсанд байршуулах.

II. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Макро эдийн засгийн шинжилгээ, судалгааны хэлтэс нь эдийн засгийн макро үзүүлэлтүүдийн шинжилгээ, богино хугацааны төсөөлөл боловсруулах болон бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгааны ажил гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй байна.

Хэлтсийн үндсэн чиг үүрэг нь:

  • Инфляцын гүйцэтгэл, богино хугацааны төлөвийн шинжилгээ хийх;
  • Эдийн засгийн өсөлт (үйлдвэрлэл болон эрэлт талаас)-ийн гүйцэтгэл, богино хугацааны төлөвийн шинжилгээ хийх;
  • Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл, богино, дунд хугацааны шинжилгээ хийх;
  • Гадаад сектор (экспорт, импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний эрэлт/үнэ, гадаад эдийн засгийн орчин)-ын шинжилгээ хийх;
  • Хөдөлмөрийн захын гүйцэтгэл, төлөв байдлын талаар шинжилгээ хийх;
  • Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн тухайн улирал болон богино хугацааны төсөөлөл, шинжилгээ хийхэд ашиглагдах эконометрик загваруудын тоо, мэдээллийн баазыг нэмэгдүүлэх болон шинэ загваруудыг турших;
  • Бодлого боловсруулах, мөнгөний бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлогын суурь судалгаа болон эмпирик судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх;
  • Гадаад, дотоод эдийн засгийн орчин, төлбөрийн систем, гадаад секторын тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал зэрэг чиглэлээр өргөн хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийх, судалгааны тоон мэдээллийг бүрдүүлэх, хадгалах, баяжуулах;
  • Судалгааны ажлуудыг хэвлэн нийтлүүлэх, зөвлөмж байдлаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх.

III. СТАТИСТИК, ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Статистик, өгөгдлийн шинжилгээний хэлтэс нь Монгол Улсын мөнгө, санхүү, гадаад секторын статистик мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлал, батлагдсан журам, маягтын дагуу нэгтгэн боловсруулж, олон нийтэд тогтмол түгээх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн тус хэлтэс нь статистик мэдээллийн үнэн зөв, нийцтэй, хүртээмжтэй байдлыг хангах, өгөгдлийн засаглалыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, их өгөгдлийн системийн хөгжүүлэлт, ашиглалтыг зохион байгуулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихэд чиглэн ажиллана.

Хэлтсийн үндсэн чиг үүрэг нь:

  • Монгол Улсын мөнгө, санхүү, гадаад секторын статистик мэдээллийг батлагдсан стандарт, аргачлал, тогтоосон мэдээлэл түгээх хуваарийн дагуу нэгтгэн боловсруулж, олон нийтэд түгээх;
  • Монголбанкны статистикийн бюллетень болон мөнгөний үзүүлэлтүүд, санхүүгийн салбарын үзүүлэлт, гадаад сектор зэрэг үндсэн мэдээллийг сар, улирал, жилийн давтамжтайгаар боловсруулж, нийтэд мэдээлэх;
  • Статистик мэдээлэл боловсруулах аргачлал, мета өгөгдөл, тайлагналын хүрээ, мэдээлэл цуглуулах хэрэгсэл, маягтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, шинэчлэн хэрэгжүүлэх, статистикийн уялдаа, харьцуулах боломжийг хангах;
  • Статистик мэдээллийг боловсруулах аргачлалыг тогтмол боловсронгуй болгох, түүний хамрах хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон улсын байгууллага, гадаад, дотоодын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
  • Монголбанкны их өгөгдлийн системийг хөгжүүлэх, өгөгдлийг цуглуулах, нэгтгэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг нэгдсэн бодлого, стандартын хүрээнд хэрэгжүүлж, өгөгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэн шийдвэр гаргалтыг дэмжих.
Бидний тухай