Газрын захирал: Б.Амгалан
Банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор системийн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээний санал боловсруулах, хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн банкны бүтцийн өөрчлөлт, шийдвэрлэлтийн бодлого, тогтворжуулалтын сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
Макро зохистой бодлогын хэлтэс
Танилцуулга:
Макро зохистой бодлогын хэлтэс нь банк, санхүүгийн системийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, системийн эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн мөчлөгийн савлагааг бууруулах зорилгоор макро зохистой бодлогын санал боловсруулж, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ)-нд танилцуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Чиг үүрэг:
1. Системийн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх
Санхүүгийн системд хуримтлагдаж буй эмзэг байдал, өрийн хэт өсөлт, зээлийн мөчлөг, хөрөнгийн үнийн хөөсрөлт, хөрвөх чадварын дарамт, санхүүгийн байгууллагуудын харилцан хамаарлын эрсдэлийг тогтмол үнэлнэ. Үүний зэрэгцээ банк тус бүрийн эрсдэлийн үнэлгээ, сөрөг шокийг тэсвэрлэх чадварыг шинжилнэ.
2. Макро зохистой бодлогын санал боловсруулах, хэрэгжилтийн үнэлгээ
Санхүүгийн мөчлөгийн болон бүтцийн шинжтэй эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогын арга хэрэгслийг боловсронгуй болгож, системийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шаардлагатай тохиолдолд бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг боловсруулан Монголбанкны МБХ-гоор хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Мөн хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ нь санхүүгийн тогтвортой байдал, зээлийн өсөлт, өрхийн өрийн дарамт, зах зээлийн зан төлөвт үзүүлж буй нөлөөг тогтмол хянаж үнэлнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн бодлогын хэрэгслийг үргэлжлүүлэх, өөрчлөх, сулруулах эсхүл цуцлах санал боловсруулна.
3. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны чиг үүрэг
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж, зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хэлэлцэх асуудлын материал боловсруулах, шаардлагатай судалгаа, мэдээллээр гишүүдийг хангах, хуралдааныг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, шийдвэрийн хэрэгжилтийн явцыг нэгтгэн танилцуулах зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Мөн зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын зохион байгуулалт, мэдээллийн урсгалыг хариуцна.
4. Судалгаа, тайлан, бодлогын харилцаа
“Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г боловсруулж, банк, санхүүгийн системийн нөхцөл байдал, тулгарч буй эрсдэл, тэдгээрийг бууруулах чиглэлээр зохицуулагч байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлнэ. Ингэснээр бодлогын ил тод байдлыг нэмэгдүүлэх, зах зээлийн хүлээлтийг зөв удирдах, олон нийтийн ойлголтыг сайжруулахад чиглэн ажиллана.
Банкны бүтцийн өөрчлөлтийн хэлтэс
Танилцуулга:
Банкны бүтцийн өөрчлөлтийн хэлтэс нь Банкны хууль тогтоомж болон олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн банкны бүтцийн өөрчлөлт хийх, албадан татан буулгалттай холбоотой зохицуулалт, бодлого, үйл ажиллагааны тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй. Тус хэлтэс нь бүтцийн өөрчлөлтийн төлөвлөлт, хэрэгжилттэй холбоотой аргачлал, журам, бодлогын баримт бичгийг боловсруулах, тогтмол шинэчлэх, санхүүгийн хүндрэлд орсон банкнуудын бүтцийн өөрчлөлтийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж танилцуулан шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.
Энэ хүрээнд банкнуудаас ирүүлсэн тогтворжуулах төлөвлөгөөг үнэлж, санхүүгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах зорилгоор банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг болон бүтцийн өөрчлөлтийн хувилбаруудыг боловсруулж, албадан татан буулгалтын арга хэмжээг зохион байгуулах, хянах ажлыг гүйцэтгэдэг.
Түүнчлэн, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэн зорилгоор Банкны тогтворжуулалтын сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хураамжийг төвлөрүүлэх, хянах, удирдах, болон холбогдох журмын хэрэгжилтийг хангах, хуульд заасан шаардлагад нийцүүлэн сангийн хөрөнгийн хуваарилалтын саналыг боловсруулан ажилладаг.
Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлогын хэлтэс
Танилцуулга:
Тус хэлтэс нь банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн мэдээллийн санг бүрдүүлэх, банкны салбарын өртөмтгий байдлыг үнэлэх, банкнуудын эрсдэлийн удирдлага, тайлагнал, санхүүгийн толилуулгыг сайжруулах зохицуулалтыг нэвтрүүлэх, биет болон шилжилтийн үеийн эрсдэлийг бууруулах зорилгоор эрх зүйн орчин, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, активын төрөлжилтийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн өсөлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилготой.
Монголбанкны үндсэн зорилтын хүрээнд банкны салбарт баримтлах тогтвортой хөгжлийн, санхүүгийн хүртээмжийн, ногоон санхүүжилтийн бодлого, чиглэлийг Монгол улсын хөгжлийн төлөвлөгөө болон санхүүгийн тогтвортой байдлын зорилтуудтай уялдуулан тодорхойлж, хэрэгжүүлэх голлох чиг үүрэгтэй.
Тогтвортой хөгжил, санхүүгийн хүртээмж, ногоон санхүүжилтийн асуудлаар гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, дотоодын ажилтнуудын чадавхыг болон хууль, эрх зүйн зохицуулалтын орчныг бэхжүүлэх зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран техник туслалцааг авч хэрэгжүүлэх, сургалт болон семинарыг тогтмол зохион байгуулдаг.
Чиг үүрэг:
- Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, стратеги болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан зорилттой уялдуулан Монголбанкнаас тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаар баримтлах бодлого, чиглэлийг боловсруулж, нэвтрүүлж, мөрдүүлэх;
- Санхүүгийн тогтвортой байдалд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эрсдэлийн үзүүлэх нөлөөг үнэлэх, мэдээллийн санг үүсгэж, банкны салбарын өртөмтгий байдлыг үнэлэх, банкны салбарын тогтвортой хөгжил, ногоон санхүүжилттэй холбоотой бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр олон улсын туршлага, жишиг зарчим, зохицуулалтыг судлах, банкны системийн онцлогтой нийцүүлэн санал боловсруулж, удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх;
- Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт болон бусад холбогдох чиглэлээр мэдээллийн санг баяжуулах, сайжруулах, хяналт тавих;
- Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хийх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, бодлого, зохицуулалтын санал боловсруулж, удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх;
- Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн бодлогын хүрээнд техник туслалцаа хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах, удирдлагад тайлагнах, олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллах, шаардлагатай мэдээллээр хангах, техник туслалцааны хөтөлбөрийн мөрөөр авч хэрэгжүүлэх саналыг боловсруулан, удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх