A-
A
A+

Банкны хяналт, шалгалтын газар

Газрын захирал: Ц.Дамдинсүрэн

Банкны хяналт шалгалтын газар нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан Монголбанкны үндсэн зорилтын хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор банкны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Банкны үйл ажиллагаанд хяналт тавих хүрээнд тус газар нь банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, удирдлага зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, үйл ажиллагааг нь зохицуулах, хязгаарлалт хийх, шаардлага тавих, албадлагын арга хэмжээ авах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Банкны бодлогын хэлтсийн чиг үүрэг:

Банкны бодлогын хэлтэс нь банкны хяналт шалгалтын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх чиглэлд тогтмол судалгаа шинжилгээ хийж, банкны салбарын бодлого, журам, заавар, аргачлалыг боловсруулан олон улсын хяналт шалгалтын зарчим, жишгийг дотоодын банкны системд нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Түүнчлэн  банкны хяналт шалгалтын зориулалттай санхүүгийн тайлан, мэдээллийг хүлээн авах, нэгтгэх, хадгалах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, төрийн болон олон улсын байгууллагууд, олон талт хөгжлийн агентлагуудтай солилцох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Улмаар хяналт шалгалтын мэдээлэлд үндэслэн банкны системийн болон тухайн банканд авч хэрэгжүүлэх бодлогын саналыг боловсруулах байдлаар хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Хяналт шалгалтын хэлтсийн чиг үүрэг:

Хяналт шалгалтын хэлтэс нь банкны үйл ажиллагаанд хяналт тавих хүрээнд банкнуудын санхүүгийн тайлан мэдээнд үндэслэн Банкны тухай хууль тогтоомж, журам заавар, Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг банк хэрхэн ханган ажиллаж байгааг газар дээрх болон зайны хяналт шалгалтаар тогтмол үнэлж, дүгнэн хууль тогтоомжийн дагуу шаардлагатай холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтын арга хэмжээг дотоодын хуульд болон олон улсын стандартад нийцүүлж хэрэгжүүлэх, олон улсын стандартын хэрэгжилтийг үнэлүүлэхээс гадна банкны үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж байна.

Зээлийн мэдээллийн хэлтсийн чиг үүрэг:

Зээлийн мэдээллийн хэлтэс нь Зээлийн мэдээллийн тухай хууль болон холбогдох эрх зүйн актын хүрээнд зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, зээлийн мэдээллийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомж, журмын дагуу хянаж шийдвэр гаргуулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зээлийн мэдээллийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэн ажилладаг.

Бидний тухай