Монголын анхны цахим сургууль Medle-ийн багш нарыг санхүүгийн суурь мэдлэг олгох сургагч багшаар чадавхжууллаа
Монголбанк нь “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги 2024–2030” болон “Иргэдийн эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратеги”-ийн хүрээнд Монголын анхны цахим сургууль болох Medle-тэй хамтран ажиллаж байна.
Өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн нийт 1173 сурагч “Бизнес судлал” хичээлийг сонгон судалжээ. Уг хичээлийг заах багш нарыг бэлтгэх зорилгоор нийслэл болон орон нутгийн 21 багшид сургагч багшийн сургалтыг 2025 оны 8 дугаар сарын 21–22-нд зохион байгуулсан бөгөөд энэ удаад ахисан түвшний агуулгаар чадавхжууллаа.
Сургалтын хүрээнд зөвхөн санхүүгийн суурь мэдлэгээр хязгаарлахгүйгээр, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, мөнгөний бодлого болон түүний хэрэгслүүдийн талаар нэмэлт мэдлэг, мэдээлэл өгсөн байна.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг, Medlee цахим сургуулийн хэлтсийн дарга Н.Сайнбаяр нар оролцож, сургалтад хамрагдсан багш нарт батламж гардууллаа.