“Aflatoun International” байгууллагын төлөөлөл санхүүгийн боловсрол түгээх ажлын хүрээнд Монгол Улсад ажиллав
Нидерланд улсад төвтэй хүүхэд залуучуудад нийгэм, санхүүгийн боловсрол олгодог олон улсын “Aflatoun International” байгууллагын Азийн бүсийн зохицуулагч хатагтай Яа Линг Чао (Ya-Ling Chao) 2025 оны 8 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.
Хатагтай Яа-Линг Чао Монгол Улсад ажиллах хугацаандаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хамтаар Архангай аймагт сургагч багшийн сургалтыг амжилттай зохион байгуулж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайвантай албан уулзалт хийж, санхүүгийн боловсрол олгох бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, “Level-UP” хөтөлбөрийн үр дүнгийн талаар санал солилцлоо. Мөн тэрээр томилолтынхоо хүрээнд СЗХ, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газрын төлөөллүүдтэй уулзалт хийж, “Практикт суурилсан сургалтын арга зүй” сэдвээр сургалт зохион байгуулж, туршлага солилцов.
Монголбанкнаас иргэд, олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд тус байгууллагатай 2024 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүгээр “Aflatoun International” байгууллага нь Монгол Улсын хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хөгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монголбанктай хамтран ажиллаж байна.
“Aflaton International” байгууллага нь 2005 онд Нидерландад үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 130 гаруй оронд 400 гаруй байгууллагатай хамтран санхүү, эдийн засаг, нийгмийн боловсролын чиглэлээр сургагч багш бэлтгэх, арга зүйн болон техникийн туслалцаа үзүүлдэг байгууллага юм.