A-
A
A+

Монголбанк “Ази, Номхон далайн бүсийн NDC Clinic” арга хэмжээнд уур амьсгалын сценарь шинжилгээний туршлагаа танилцууллаа

Монголбанк Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бангкок дахь хурлын төвд 2025 оны 9-р сарын 10-11-нд болсон “Ази, Номхон далайн бүсийн NDC Clinic” арга хэмжээнд оролцож, банкны салбарын уур амьсгалын сценарь шинжилгээний туршлагаа хуваалцлаа. Энэхүү арга хэмжээг NDC Partnership, GIZ, UNEP, UNDP болон UNESCAP, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай хамтран зохион байгуулсан юм.

Монголбанкийг төлөөлөн Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Монголын банкны салбар дахь уур амьсгалын сценарь шинжилгээ” сэдвээр илтгэл тавьж, 2023 оноос NDC Partnership-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Төв банкыг ногооруулахад бэлэн байдлын дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-тай хамтран хийсэн шинжилгээний үр дүнг танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн сорилт хэдий ч тухайн улсад үзүүлэх нөлөө нь дэлхийн хүлэмжийн хий буурах хандлага болон тухайн улс хэр зэрэг бэлтгэлээ хангаснаас хамаарна. Уур амьсгалын эрсдэл нь бүх салбарыг хамарсан, дамжих суваг, нөлөө тодорхой бус учраас үүсэж болзошгүй санхүүгийн эмзэг байдлыг тодорхойлох болон банкны салбарын эрсдэлийн удирдлагыг сайжруулах үр дүнтэй арга нь ирээдүйд чиглэсэн уур амьсгалын сценарь шинжилгээ болж буйг тэмдэглэв.

NDC Clinic арга хэмжээ нь байгаль орчин, санхүү, эдийн засаг, эрчим хүчний яамд, төв банк болон хөгжлийн банкны төлөөллийг нэгтгэн, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн стратеги, бодлогын уялдааг сайжруулах талаар харилцан туршлага солилцох зорилготой байлаа. Энэхүү арга хэмжээнд Монголбанкны оролцоо нь мөнгөний болон санхүүгийн бодлоготой нийцтэйгээр үндэсний уур амьсгалын зорилтууд болон Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд төв банкны үүрэг нэмэгдэж буйг бататгасан алхам боллоо.