Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “Grand Bull Awards 2025” шагнал хүртлээ

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос 4 дэх удаагаа зохион байгуулсан “Grand Bull Awards 2025”-ийн “Хүртээмжтэй боловсрол” номинацид “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь” бүтээл шалгарч, шагнал хүртлээ.
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, Монголбанк, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жил, Үнэт цаасны хорооны (одоогийн Санхүүгийн зохицуулах хороо) 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг шинэчлэн боловсруулж, ирээдүйн 100 жилд ашиглах хамтарсан бүтээлийг цахим, хэвлэмэл хэлбэрээр олон нийтэд хүргэсэн билээ.
Тайлбар толийг боловсруулахдаа олон улсын болон Монголын санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч буй нэр томьёог түлхүү оруулж, хялбар ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээсэн нь санхүүгийн чиглэлээр суралцагчид, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, санхүүгийн зах зээлийн оролцогчид төдийгүй энгийн иргэд ч мэргэжлийн нэр томьёог зөв ойлгох, олон улсын түвшний нэгдсэн ойлголтод хүрэх, санхүү, эдийн засгийн мэдлэгээ тэлэхэд ихээхэн дэмжлэг болж байна.
Шинэчлэгдсэн толь бичигт нийт 11 бүлэг, 3650 гаруй нэр томьёо орсон бөгөөд гурван байгууллагын 37 эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн хамтран ажилласан юм.
Толь бичигт хандах: www.etoli.mn