A-
A
A+

Мөнгөний болон макро зохистой бодлогын уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ

2026-01-08 14:15 | Мэдээ

Монголбанк, БНСУ-ын Төв банкны Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Мөнгөний болон макро зохистой бодлогын уялдаа” сэдвээр уулзалт, семинар зохион байгууллаа.

Монголбанк мөнгөний бодлогын үндсэн зорилтын хүрээнд макро зохистой бодлогын арга хэрэгслийг 2018 оноос хойш хэрэгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэхүү арга хэрэгсэл нь Төв банкны үндсэн зорилт, түүний хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад өргөн хүрээнд үр дүнгээ өгч байна.

Энэ удаагийн семинар БНСУ-ын Төв банк болон тус улсын их сургуулиудийн судлаач, эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн, олон улсын туршлагад үндэслэн мөнгөний болон макро зохистой бодлогын уялдааг хэрхэн илүү үр дүнтэй хангах талаар санал, зөвлөмжийг өгч буйгаараа онцлог болов. Монголбанк БНСУ-ын Төв банк хооронд “Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр 2011 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд Монголбанк тус хөтөлбөрт 2015 оноос хойш жил бүр тогтмол хамрагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын банк, санхүү, валютын зах, мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зах зээл дэх үүсмэл хэрэгслийг хөгжүүлэх, санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, төлбөр тооцооны систем зэрэг олон чиглэлээр сургалт, семинаруудыг үе шаттай зохион байгуулж ирсэн.

БНСУ-ын Төв банкны Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр нь тус улсын Төв банк болон түнш орнуудын Төв банкнуудын хооронд хэрэгждэг бодлогын туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх, институтийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны чухал хөтөлбөр юм.