A-
A
A+

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2026-01-27 14:10 | Мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын албан бүрэлдэхүүнд багтаж, 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон албаны бусад төлөөлөгчдийн хамт холбогдох уулзалт, салбар хуралдаанд оролцож, баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

Чуулга уулзалтын хүрээнд АНУ-ын JP Morgan Chase банктай банкнуудын корреспондент дансны харилцааг өргөтгөх, Ирээдүйн өв сангийн удирдлагыг дараагийн шинэ шатанд гаргах чиглэлд хамтран ажиллах санал тавьсан бол, Швейцарын Холбооны Улсын Argor-Heraeus алт цэвэршүүлэх үйлдвэртэй үр ашигтай хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх чиглэлд, одоогоор 11 улсад үйл ажиллагаа явуулж буй Унгарын OTP банктай Монгол Улсын зах зээлд нэвтрэх боломж, эрх зүйн орчны талаар ярилцаж, харилцан мэдээлэл өгөв. Мөн АНУ-ын Hedera технологийн компанийн удирдлагатай уулзалт хийж, цахим төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн болон 3000 гаруй төлөөлөгч оролцов. Монгол Улсын хувьд уг чуулга уулзалт нь олон улсын хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгоход чухал ач холбогдолтой байв.