“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна

Монголбанк “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аяны хүрээнд Хадгаламжийн даатгалын корпораци, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 03 -ны өдөр Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийг зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцож, хүүхэд, залууст мэндчилгээ дэвшүүлэн санхүүгээ зөв удирдах, мөнгөө ухаалгаар зарцуулж, хуримтлал үүсгэх дадлыг төлөвшүүлэхийг уриаллаа.
Энэ үеэр өдөрлөгт оролцсон хүүхэд, залуусын дунд санхүүгийн мэдлэгийг сорих хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг хадгаламжийн эрхийн бичиг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Франц улсад төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачилсан бөгөөд хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг дэмжин хөгжүүлэх зорилготой юм. Анх 2012 оноос эхлүүлсэн уг аянд дэлхийн улс орнуудыг хамруулан, долоо хоногийн хугацаанд зохион байгуулдаг уламжлалыг тогтоожээ. Өдгөө энэхүү санаачилгад 176 улс нэгдсэн байна.




