A-
A
A+

"Атар-4” аяны хүрээнд тариалан эрхлэгчдийг дэмжих зээлийн санхүүжилтийн гэрээг салбарын яам банкнууд хооронд байгуулав

2026-04-14 17:30 | Мэдээ

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон арилжааны банк хооронд Монгол Улсын Засгийн газрын атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулах гарын үсэг зурах ёслолд оролцлоо.  

Монголбанкнаас Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөн,  Засгийн газрын “Шинэ хоршоо”, “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян” зэрэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн.

Үүний үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2025 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувиар өссөний 2.9 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлж, эдийн засгийн  өсөлтөд  голлох нөлөө үзүүлээд байна.  

Хаврын тариалалт эхэлж буйтай холбогдуулан салбарын яамнаас тариалан эрхлэгчдэд олгож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй банкны эх үүсвэрээр олгох хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулж байна.

Тус гэрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөгөө талаас Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Капитрон банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Зоригт, М банкны бизнесийн зээлийн газрын  захирал А.Дуламрагчаа нар  гарын үсэг зурлаа.