A-
A
A+

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Францын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 

2026-04-24 18:00 | Мэдээ

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрера болон тус улсын Эдийн засаг, сангийн яамны Бүсийн эдийн засгийн харилцааны газрын дэд дарга Кэвин Вэзансон нарыг хүлээн авч уулзан, хоёр улсын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. 

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, банкны салбарын шинэчлэл, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар ярилцлаа. 

Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол Улсын эдийн засгийн идэвхжил сэргэж, 2025 онд бодит өсөлт 6.8 хувьд хүрснийг онцлоод, жилийн инфляц 2026 оны 3 дугаар сарын байдлаар 7.4 хувьтай байгааг танилцуулав. Мөн гадаад валютын албан нөөц өмнөх оны мөн үеэс 44 орчим хувиар өсөж, импортын 8.4 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн нь макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэв. 

Талууд Монгол, Францын санхүүгийн салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнтэйгээр өргөжиж байгааг онцоллоо. Тухайлбал, Франц улсаас Монгол Улсад оруулсан  хөрөнгө оруулалт 2025 онд 15 сая ам.доллароор нэмэгдсэн бөгөөд Монголбанк 2017 оноос хойш Францын төв банктай валютын нөөцийн удирдлагын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг дурдав. 

Түүнчлэн PROPARCO  байгууллага болон улсын доноруудтай хамтран Монгол Улсын банкны салбарт нийт 334 сая ам.долларын санхүүжилтийг ЖДҮ болон  ногоон төслүүдэд олгосон бол 2025 онд Монгол Улсын Засгийн газрын бондыг арилжаалахад Францын Credit Aqricole CIB банк хамтран зохион байгуулагчаар оролцсон байна.  

Уулзалтын төгсгөлд талууд туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх болон хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг идэвхжүүлэх замаар Монгол, Францын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.