Монголбанк Швейцарын хариуцлагатай алтны холбоотой хамтран ажиллаж байна

Жижиг болон дунд оврын лицензтэй алт олборлогчдыг Олон улсын хариуцлагатай олборлолтын стандартуудыг хангуулах, улмаар албан ёсны экспортын зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанкнаас Швейцарын хариуцлагатай алтны холбоо буюу “Swiss Better Gold” (SBG)-той хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд 2026 оны 5-р сарын 4–нөөс 8-ны өдрүүдэд SBG–Монголбанкны хамтарсан баг Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах лицензтэй алтны уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсаас Швейцар Улс руу чиглэсэн хариуцлагатай, гарал үүсэлтэй алтны нийлүүлэлтийн сүлжээг төлөвшүүлэхэд чухал ахиц, дэвшил болсон энэхүү томилолтын үеэр олборлолтын практик, тусгай зөвшөөрлийн байдал, үйл ажиллагааны нөхцөл, алтны гарал үүслийг мөшгөх систем зэргийг үнэлэхийн зэрэгцээ байгаль орчин, нийгэм, засаглалын стандартуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Swiss Better Gold” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой олборлогчидтой уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг өгөв. Түүнчлэн гарал үүслийн магадлан шинжилгээ болон мөшгөх тогтолцоог сайжруулах боломжуудын талаар алт арилжаалагчдын төлөөлөлтэй ч мөн уулзаж, санал солилцлоо.
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алтны холбооны хамтран хэрэгжүүлж буй төслийн тухайд бодит үр дүнгүүд нь эхнээсээ гарч эхэлсэн бөгөөд аль хэдийн алтны 5 уурхайтай амжилттай хамтран ажиллаж, хөтөлбөрийн 2-р үе шатны шалгуурыг хангуулан магадлан итгэмжлэл олгохоор ажиллаж байна. Магадлан итгэмжлэл авснаар тухайн уурхай нь Монголбанкаар дамжуулан Швейцарын зах зээл рүү нэвтрэх боломж бүрдэж, тушаасан алтныхаа грамм тутамдаа урамшуулал авах боломжтой болохоос гадна Монголын бичил, жижиг болон дунд оврын алт олборлолтыг Олон улсын хариуцлагатай худалдан авалтын тогтолцоонд нэгтгэхэд чухал түлхэц болж байна. Ийнхүү институтийн манлайлал болон зах зээлд суурилсан урамшууллыг хослуулснаар олборлогчдод эдийн засгийн бодит боломж олгохын зэрэгцээ дэлхийн хариуцлагатай бөгөөд зах зээлийн хүлээлтэд нийцсэн, тогтвортой, ил тод, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийлүүлэлтийн сүлжээг Монгол Улсад бий болгох өндөр ач холбогдолтой юм.