Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван эдийн засгийн нөхцөл байдал сэдвээр илтгэл тавилаа

Оюутнуудын санхүү, эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын бодит мэдээлэл, практик ойлголтоор чадавхжуулах зорилготой Монголбанкны “Сургагч оюутан багш” хөтөлбөрийн сургалтад 10 гаруй их, дээд сургуулийн 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдаж байна.
Тус хөтөлбөрийн ээлжит сургалтыг 2026 оны 05-р сарын 21-ний өдөр зохион байгуулж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд оюутнуудын сонирхсон асуултуудад нээлттэй, дэлгэрэнгүй хариулт өгч, бодит жишээ, статистик мэдээлэлд тулгуурлан ойлгомжтой байдлаар хариулав.

Үргэлжлүүлэн Монголбанкны Мөнгөн тэмдэгт, Эрдэнэсийн газрын захирал А.Сандагсүрэн “Банкны системийн санхүүгийн гол үзүүлэлтүүд” сэдвээр практикт суурилсан сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар банкны системийн үндсэн үзүүлэлтүүд болох актив, пассив, өөрийн хөрөнгө, зээлийн чанар, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, ашигт ажиллагаа, эрсдэлийн удирдлагын талаарх ойлголтуудыг жишээ, тоон мэдээлэлд тулгуурлан тайлбарлаж, банкны салбарын өдөр тутмын үйл ажиллагаатай хэрхэн уялддаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэхүү арга хэмжээ нь оюутнуудын санхүү, эдийн засаг, банк санхүүгийн салбарын талаарх ойлголтыг өргөжүүлэхээс гадна мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, бодит орчинтой танилцах, салбарын удирдах түвшний төлөөллөөс туршлага судлах үнэ цэнтэй боломж болсон юм. Цаашид ийм төрлийн практик сургалт, мэргэжлийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, оюутан залуусыг бодит мэдлэг, чадвараар дэмжих нь чухал болохыг оролцогчид онцолж байлаа.

