A-
A
A+

Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна

2026-06-10 15:00 | Мэдээ

Mонголбанк, Зүүн Өмнөд Азийн Төв Банкнуудын Холбоо (SEACEN) болон Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны Санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэн (Financial Stability Institute, FSI)-тэй хамтран хяналт шалгалтын захирлуудын бага хурал, уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 10-11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Ази, Номхон далайн эдийн засгийн орнуудын Хяналт шалгалтын газрын захирлуудын 28 дахь SEACEN–FSI бага хурал болон SEACEN-ны гишүүн төв банкнуудын Хяналт шалгалтын газрын захирлуудын 39 дэх уулзалтад Ази, Номхон далайн бүсийн 19 төв банк болон холбогдох байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцож, банкны салбарын хяналт шалгалт, санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, олон улсын зохицуулалтын шинэ чиг хандлага болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

 

Энэ удаагийн хурал, уулзалт нь дэлхийн санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт, дижитал шилжилт, технологийн шинэчлэл, уур амьсгалын эрсдэл зэрэг сорилтын өмнө банкны хяналт шалгалтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах боломжийг өргөжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Монголбанк нь олон улсын төв банкнууд болон санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, банкны салбарын тогтвортой байдал, зохицуулалт, хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулж буй нь Монголбанкны олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг илтгэхийн зэрэгцээ Монгол Улсын санхүүгийн салбарын нэр хүнд, оролцоог бүс нутаг болон олон улсын түвшинд нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.