Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулсан COP17-ын салбар хэлэлцүүлэгт оролцлоо

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын 2 дахь өдөр буюу 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар оролцов.
Тус хэлэлцүүлгээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутаг, банк, санхүү, уул уурхайн салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, сайн туршлага, хамтын ажиллагаа, хэрэгжилтийг эрчимжүүлэх боломж болон нэгдсэн шийдлүүдийн талаар төлөөлөгчид санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар банк санхүүгийн салбараас уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, “Тэрбум мод” сан Конвенцын албан ёсны итгэмжлэгдсэн ажиглагч байгууллага болсон нь банк, санхүүгийн салбарын хувь нэмэр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл болохыг онцлов.
Мөн Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд буй энэ үед банк, санхүүгийн салбар уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлыг эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэл хэмээн үзэж, 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээлд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Банкны салбар 2030 он гэхэд 50 сая мод тарих амлалт өгсөн ч шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх нь сорилт хэвээр байна. Энэ хүрээнд “Тэрбум мод” сан олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсаас Conservation Finance Alliance-д нэгдсэн анхны байгууллага болсон нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төслүүдийг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн “Тэрбум мод” сангаас иргэдийн байгаль орчны талаарх ойлголт, зөв дадал, оролцоог төлөвшүүлэхэд анхаарч, үйл ажиллагааныхаа хүрээнд нэг сая гаруй хүнд экологийн боловсрол олгоод байна. Төгсгөлд нь Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар “ямар ч санхүүжилт, ямар ч технологи иргэдийн байгаль орчноо хайрлан хамгаалах хандлагыг орлож чадахгүй” гэдгийг онцлон тэмдэглэв.
