A-
A
A+

Сингапурын Хөрөнгийн Биржийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026-09-18 09:40 | Мэдээ

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сингапурын Хөрөнгийн Бирж буюу SGX группын валютын зах зээлийн багийн гүйцэтгэх захирал Жан-Филипп Мале, Азийн бүс нутаг хариуцсан захирал Бернард Хо, борлуулалт хариуцсан захирал Юүчен Хуа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монголын мөнгө, валют, хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.

Талууд дотоодын валютын зах зээлийн хөрвөх чадварын удирдлага, эрсдэлийн удирдлагын арга хэрэгсэл, валютын шинэ бүтээгдэхүүний хөгжил, зах зээлийн дэд бүтэц болон олон улсын туршлагын талаар хэлэлцэв.

Монголбанкны зүгээс мөнгө, валютын зах зээлийн хөгжлийг дэмжих зорилтыг Дунд хугацааны стратегид тусгасныг онцолж, энэ хүрээнд олон улсын туршлага, зах зээлийн дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг чухалчлан үзэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Монгол улсын мөнгө, валют, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурь байгаатай санал нэгдэж, мэдээлэл, туршлага солилцох, боломжит хамтын ажиллагааны чиглэлүүдийг цаашид нарийвчлан судлахаар тохиролцов.