A-
A
A+

Алтны хариуцлагатай олборлолтыг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

2026-09-28 17:13 | Мэдээ

Монголбанк 2024 оны Дэлхийн алтны зөвлөлийн хуралд оролцохдоо Колумб, Эквадор, Филиппин улсуудын Төв банкнуудын хамтаар “Лондоны зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурж, алтны жижиг, дунд болон бичил шударга олборлолтыг дэмжсэн анхны дөрвөн Төв банкны нэг болсон. Энэ ажлын хүрээнд Монгол улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээлд нийлүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Монголбанкнаас 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо” /Swiss Better Gold Association, SBGA/ болон “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй гарын үсэг зурж баталгаажуулсан. Төслийн туршилтын үе шатад Монгол улсын уул уурхайн 5 компани уг төслийн 1 дүгээр шатны суурь шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, зөвхөн 2026 оны 1-6 сарын хооронд л гэхэд хариуцлагатайгаар олборлосон 53.5 кг алтыг “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо”-нд нийлүүлээд байна. Тэгвэл энэ өдрүүдэд алтны хариуцлагатай олборлолтыг дэмжих төслийн хамтрагч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллаж байна. Тэд 2025 онд байгуулагдсан “Санамж бичиг”-ийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд бүгд амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж буй бөгөөд цаашид хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэх зорилго бүхий “Хамтын ажиллагааны гэрээ”-г Монголбанкнаас  “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо” болон “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй 2026 оны 9-р сарын 28-ны өдөр байгууллаа.

Мөн хариуцлагатай уул уурхайн нийлүүлэлт, бичил уурхайн албажуулалтын ач холбогдлын талаар LBMA буюу “Лондоны үнэт металлын холбоо”-ны сургагч багш нар сургалт зохион байгуулж, Монгол улсын бичил уурхайн салбарын өнөөгийн байдал, хариуцлагатай, ил тод нийлүүлэлтийн сүлжээнд тулгарч буй асуудлын талаар холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

Монгол улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээл, үнэт эдлэлийн байгууллагуудад нийлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол улсын алтны салбарын үйл ажиллагааг олон улсад сурталчлах ач холбогдолтойгоос гадна хөтөлбөрт хамрагдсан дотоодын уурхайнуудад нэмэлт мөнгөн урамшуулал бий болж, нийгмийн болон байгаль орчны төслөө санхүүжүүлэх, техник арга зүйн зөвлөгөө авах боломжийг олгоно. Харин Монголбанкны тухайд уг төслийн хүрээнд алтны  гарал  үүслийг  тодорхойлох  олон  улсын  стандарт  нэвтрүүлэх,  сорьцын лабораториудын үйл ажиллагааг сайжруулах, олон улсын туршлага судлах, нутагшуулах зэрэг давуу талтай.