A-
A
A+

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Мандах их сургуульд ажиллалаа

2026-10-01 17:28 | Мэдээ

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван өнөөдөр /2026.10.01/ Мандах их сургуулийн оюутнуудад “Эдийн засгийн нөхцөл байдал ба мөнгөний бодлого” сэдвээр лекц уншлаа. Лекцийн үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн өсөлт, инфляц, гадаад, дотоод орчны өөрчлөлт болон цаашдын төлөвийн талаар оюутнуудад мэдээлэл өглөө. Мөн Монголбанкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын зорилго, ач холбогдол, бодлогын шийдвэр эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлдөг талаар энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлав.

Түүнчлэн инфляц, зээлийн хүү, төгрөгийн ханш зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан уялдаа, иргэд, аж ахуйн нэгжийн өдөр тутмын шийдвэрт үзүүлэх нөлөөллийн талаар бодит жишээнд тулгуурлан ярилцсан нь оюутнуудын сонирхлыг ихээхэн татаж байв. Лекцийн дараа ч гэсэн оюутнууд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилт болон цаашдын төлөвтэй холбоотой сонирхсон асуултаа дэлгэрүүлэн асууж, Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгч, харилцан санал солилцов. 

Төв банкны зүгээс оюутан, залууст зориулсан “Монголбанкны цаг” арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч нар, бодлогын газрын захирлуудыг урьж оролцуулан, оюутнуудын эдийн засаг, санхүү, мөнгөний бодлогын талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдэнтэй шууд харилцан ярилцах, санал солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.