A-
A
A+

Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ

2026-10-09 16:05 | Мэдээ

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Хуралд үндэсний төлбөрийн системийн оролцогч болох Монголын банкны холбоо, банк, финтек байгууллага, санхүүгийн удирдлага, төрийн захиргааны байгууллага болон олон улсын төлбөрийн картын үйлчилгээ үзүүлэгч зэрэг 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцов. 

Хурлаар төлбөрийн систем, технологийн чиглэлээр баримтлах Монголбанкны дунд хугацааны стратеги, олон улсын төлбөр тооцооны mBridge төсөл, төлбөрийн системд хийсэн хяналт шалгалтын дүн, холбогдох журам, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монголбанкны зөвшөөрлийн цахим системийн талаар танилцууллаа.

Мөн төлбөрийн системийн хөгжил, олон улсын сайн туршлага, шинэ технологи, инновацын шийдлүүдийн талаар мэдээлэл солилцов. Тухайлбал, UPI олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас төлбөрийн системийн хөгжлийн олон улсын туршлага, сайн жишгийг танилцуулсан бол ХААН Банк болон “Нэйшнл Онлайн Дижитал Экосистем” ХХК-иас цахим залилангаас урьдчилан сэргийлэх технологийн шийдэл, хиймэл оюуны боломжийн талаар тус тус танилцуулга хийлээ. Эдгээр танилцуулгаар дамжуулан төлбөрийн системд шинээр нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хүргэв.

Түүнчлэн төлбөрийн системийн цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын асуултад хариулж, тэдний санал, байр суурийг сонсон, харилцан санал солилцов.