Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Р.Сэддорж уг хуулийн төслийг холбогдох байгууллага, оролцогч талуудад танилцуулж, санал авлаа.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын төлөөлөл, судлаачид болон иргэд оролцов.

Хуулийн төсөл нь Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, Мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Хууль санаачлагч танилцуулгадаа Монголбанкны бие даасан байдлын түвшин олон улсын мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр хангалтгүй байгааг онцлов. Үүнд Төв банкны үндсэн зорилт хоёрдмол утгатай, төсвийн шинжтэй үйл ажиллагааг хуулиар бүрэн хориглоогүй, өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх механизм хэрэгжихгүй байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг дурдлаа.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд дараах үндсэн зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
- Монголбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхой хуульчилж, инфляцыг онилсон мөнгөний бодлогын олон улсын жишигт нийцүүлэх;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дунд хугацааны инфляцын зорилт, төсвийн зарлагын хязгаарыг тусгаж, мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах;
- Монголбанк төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг шууд болон шууд бусаар санхүүжүүлэхийг хориглох;
- Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар нөхөх эрх зүйн механизмыг бүрдүүлэх.


Хуулийн төсөл батлагдсанаар инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, Төв банканд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, хэрэгжилт болон санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөний талаар санал, зөвлөмж дэвшүүлж, төв банкны хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлын зохистой тэнцвэрийг хангах асуудлаар санал солилцлоо.